Монгол адуу унан уралдаж буй хүүхэд гэмтэх эрсдэл эрлийз адуу унаж уралдахаас бага байдаг


Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Хаврын уралдаан”-ы талаар байр сууриа илэрхийлэн мэдээлэл өглөө.

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “ Хавар морь уралдуулахгүй байхаар өв соёлоо алдах гээд байгаа юм уу үгүй юу гэдэг асуултыг үүнийг гаргаж ирсэн хүмүүсээс асуусан нь дээр. “Монголоороо байя” гэдэг морьтой жагсаалд манай холбоо оролцоогүй. Монгол адуу унаж уралдаж байгаа хүүхдэд учрах эрсдэл маш бага. Уяач өөрөө тухайн хүүхэд морио унаж чадах уу гэдэг дээр анхаардаг. Монгол адуу газрын гадаргууг мэдэрч давхидаг. Өөрөөр хэлбэл монгол адуу хүүхдээс урьтаж газрын гадаргуу ямар байгааг мэдэрч нүх, жалга таарвал тойрч гардаг. Харин эрлийз адуу тэгшхэн засчихсан зам дээр уралддаг. Замын жалга, довыг мэдэрдэггүй. Мөн гараанаас гарахдаа хурд өндөр авдаг нь унаач хүүхдэд эрсдэлтэй байдаг. Манай холбооноос тавьж байгаа шаардлага нь монгол нь монголоороо, эрлийз нь эрлийзээрээ уралдъя гэдэг дээр байр суурьтай байгаа” хэмээв.

   Түүнчлэн Монгол үүлдрийн адуугаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанаа зохион байгуулах талаар 2019 оноос хойш удаа дараа илэрхийлэн арга хэмжээ авч ирсэн. Ингээд “Монгол адуу” уралдах хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оны 11 дүгээр сараас Монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн. Гэвч 2020 онд батлагдсан монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээлэл байхгүйгээс уг хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байдалтай тулгарсан. Эл асуудалд төр засаг, арга хэмжээ авч монгол адуугаар Үндэсний их баяр наадмын хурдан морины ураалдаанаа уралдуулах хуулийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авахыг хүсэж байгаа талаар онцлов.

Дашрамд дурдахад, Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны их хурал хоёрдугаар сарын 17-ны өдөр болно. Энэ хуралдаанаар хаврын морин уралдааны талаар хэлэлцэх аж.


One response to “Монгол адуу унан уралдаж буй хүүхэд гэмтэх эрсдэл эрлийз адуу унаж уралдахаас бага байдаг”

  1. эрлийз адууны уралдааныг хориоч
    Гадаад улсаас азрага энэ тэр оруулж ирдэгийг хориоч
    Шинэ монгол адуу нэрээр монгол адууны удмын сангаа устгаж байгаа хэдэн тэнэг баячуудыг монголоос хөөж гаргая. Тэр англи америк арабтаа очиж эрлийз морьдоо уралдуул.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *