Мьянмарын цэргийн хунт дэглэм бүрэн эрхээ хагас жилээр сунгажээ


2021 онд онц байдал зарлаж, Мьянмарын ардчилсан удирдагч Аун Сан Сүү Чийг баривчлан хорьж, улмаар төрийн эрх мэдлийг гартаа авсан тус улсын цэргийн хунтын дэглэм бүрэн эрхээ хагас жилээр сунгаж байгаагаа мэдэгдсэн байна.

Хунтын дэглэмийн зүгээс энэ жил сонгууль явуулах бөгөөд сонгуулийн бэлтгэл ажлыг явуулах зорилгоор бүрэн эрхийн хугацаагаа 6 сараар сунгаж байгаагаа мэдэгджээ. Гэвч цэргийн эрх баригчдын зүгээс сонгуулийн товын талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

Олон арван жил ардчилсан зачмаар хөгжиж, энэ чиглэлд олон ахиц дэвшил гаргаад байсан Мьянмар улсын ардчилсан засгийн газрын эсрэг 2021 оны 2-р сарын 1-ний өдөр цэргийн эргэлт хийж, ардчилсан удирдагч Аун Сан Сүү Чийг бусад төр, засгийн албан тушаалтнуудын хамт баривчлан хорьсноос хойш 4 жил өнгөрөөд байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд цэргийнхний эсрэг зэвсэгт бослогын хөдөлгөөн өрнөж, үндэстний цөөнх, сөрөг хүчнийхэн болон ард түмний төлөөллөөс бүрдсэн хөдөлгөөнийхөн өнөөдөр Мьянмар улсын ихэнх хэсэгт хяналтаа тогтоогоод байгаа юм.

Гэсэн хэдий ч цэргийн дэглэм Мьянмар улсын төвийн нутгууд болон нийслэл Нейпьидо гэх зэрэг томоохон хотуудад хяналтаа тогтоосон хэвээрээ байгаа билээ.

Тус улсын төрийн өмчит MRTV телевизээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт цацсан мэдээллээр Үндэсний Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлөөс онц байдлын хугацааг ахин 6 сарын хугацаанд сунгахаар болсныг санал нэгтэйгээр дэмжсэн гэжээ. Үүний шалтгааныг тайлбарлахдаа улс оронд үндэсний хэмжээний сонгууль явуулахын тулд улс орны тогтвортой байдлыг сэргээхэд илүү их цаг хугацаа шаардлагатай байгааг тодотгожээ.

Цэргийнхний боловсруулсан 2008 оны Үндсэн хуульд онц байдал зарласан тохиолдолд цэргийнхэн нэг жилийн хугацаанд улс орныг удирдах эрхтэй бөгөөд нэгдсэн сонгууль явуулахаас өмнө хоёр удаа 6 сарын хугацаагаар онц байдлыг сунгах боломжтой хэмээн заасан байдаг ч энэ удаагийн хагас жилээр сунгасан явдал нь 7 дах удаагийн шийдвэр нь болоод байгаа юм.

Хунтын дэглэмийн зүгээс анх 2023 оны 8-р сард сонгууль явуулна гэж зарлаж байсан ч түүнээс хойш удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүрч, энэ жил явуулна гэж мэдэгдсэн ч сонгуулийн тодорхой товыг зарласангүй.

АНУ, Их Британи, ЕХ, Австрали, Канад, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Норвеги, Швейцарь зэрэг улс орнууд Мьянмарын энгийн иргэд, тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа цэргийн дэглэмийг эсэргүүцэж байгаагаа санал нэгтэйгээр илэрхийлэхийн сацуу Мьянмар улсын нийт хүн амын 30 гаруй хувь буюу 19.9 сая хүн хоол хүнс гэх зэрэг хүмүүнлэгийн наад захын шаардлага хэрэгцээний хямралд орж, 3.5 сая хүн орон гэргүй болсныг онцлоод байна. 

Мьянмар улсад чөлөөт хэвлэл үгүй болж, Аун Сан Сүү Чий-гийн тэргүүлж байсан Ардчиллын төлөөх үндэсний лиг намын ихэнх удирдлагын гишүүд баригдан хоригдож байгаа учраас тус улсад шударга, чөлөөт сонгууль явагдана гэдэгт итгэлгүй байгаагаа ихэнх ажиглагч, шүүмжлэгчид илэрхийлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *