Азербайжаны зорчигч тээврийн онгоцны ослын шалтгааныг тогтоосон тайлан гарчээ


Өнгөрсөн оны 12-р сарын 25-ны өдөр Казахстан улсын газар нутагт унаж осолдсон Азербайжаны зорчигч тээврийн онгоцы ослын албан ёсны урьдчилсан тайланг мягмар гарагт Азербайжан улсын засгийн газраас гарган танилцууллаа.

Уг тайланд Azerbaijan Airlines компанийн зорчигч тээврийн онгоцны осол нь гадны биетийн нөлөөгөөр гол хөдөлгүүрийн системд гэмтэл учирснаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн байна.

Тайланд Казахстан улсын Зам тээврийн яамны зүгээс олж тогтоосон онгоцны хөдөлгүүр, сүүлийн хэсэг, тэнцвэржүүлэгч зэрэгт олон тооны нэвт гарсан эвдрэл, гэмтлүүдийг олж илрүүлснийг нарийвчлан дурджээ.

Түүнчлэн мөрдөгчид хоорондоо 24 секундын зайтай, 2 хүчтэй дуу чимээ онгоцны гадна талд бичигдсэний дараагаар онгоцны гидравлик систем гэмтэл учруулсан үл мэдэгдэх металлын үлдэгдлийг олж илрүүлсэн гэжээ.

Улмаар эдгээр гадны биетүүдийн гарал эх үүсвэрийг олж тогтоох нарийвчилсан шинжилгээг хийх болно, мөн агаарт шувуутай мөргөлдсөн гэх нэг ч баримт, нотолгоо илрээгүйг тайланд онцолжээ.

Эргэн сануулахад Azerbaijan Airlines-ийн Баку-Грозный чиглэлийн 8243 дугаарын нислэгийг үйлдэж байсан Embraer ERJ 190-100 загварын зорчигч тээврийн онгоц ослын буулт хийх гэж байгаад Казахстан улсын Актау хотын нисэх онгоцны буудлаас 5 км-ийн зайд газар унан осолдож, дундуураа хуваагдан шатсан бөгөөд онгоцны ахмад, туслах нисгэгч, үйлчлэгч болон 35 зорчигч гээд нийт 38 хүн амиа алдсан бол 29 хүн ослоос амьд гарсан юм. 

Тухайн үед Оросын талаас тус онгоцыг дронтой андууран буудан унагасан гэх батлагдаагүй мэдээ цацагдаж, удалгүй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Азербайжан улсаас тодорхой шалтгаангүйгээр уучлалт гуйж байсан. Euronews зэрэг барууны зарим хэвлэлүүд Азербайжаны онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах Панцырь-С1 системийн харвасан пуужинд оногдож унасан ч гэж мэдээлж байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *