Израил, Хамасын хооронд байгуулсан гурван үе шаттай гал зогсоох тохиролцооны хоёр дах үе шатны асуудлаарх яриа хэлэлцээ эхлээд байгаа талаар Хамас бүлэглэлийн албаныхны зүгээс мягмар гарагт мэдэгджээ.
Хамас бүлэглэл Газын зурваст эхлэн үргэлжилж байгаа гал зогсоох тохиролцооны хоёр дах үе шатны яриа хэлэлцээг олон улсын зуучлагчидтай эхлүүлснээ мэдэгдсэн байна.
Хоёр дах үе шатны асуудлаарх яриа хэлэлцээ эхэлнэ гэдгийг АНУ-д айлчилж байгаа Израилын ерөнхий Б.Нэтаньяху даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын асуудлаарх тусгай элч төлөөлөгч Стив Уиткоффтой уулзаж ярилцсаныхаа дараа мөн батлан мэдэгдсэн.
Яриа хэлэлцээний үеэр талууд барьцааны хүмүүс болон хоригдол солилцооны асуудлаар тохиролцож, эвлэрлийн гэрээг сунгах, мөн Газын зурвасын удирдлагын эрх мэдлийн асуудлуудыг ярилцах юм.
Харин энэхүү хоёр дах үе шатны яриа хэлэлцээ амжилтгүй явагдаж, нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд ирэх 3-р сард Израил-Хамасын дайн дахин үргэлжилж болзошгүй.
Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн тэргүүлсэн эвслийн засгийн газарт багтах улс төрийн хэт барууны үзэлт сайд нар гал зогсоох тохиролцоог хэрэгсэхгүй болгож, дайнаа үргэлжлүүлэх дарамт шахалтыг үзүүлсээр байгаа юм.
Харин энэ удаагийн гал зогсоох тохиролцоо эхэлснээс хойш Газын зурвас дах хяналтаа эргүүлэн аваад байгаа Хамас бүлэглэлийн зүгээс Израилын талыг дайн байлдааны ажиллагаагаа зогсоож, цэргээ бүс нутгаас бүрэн гаргах хүртэл ахиж барьцааны хүмүүсийг суллахгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа билээ.