Д.Трамп, Б.Нэтаньяху нар Цагаан ордонд уулзав


Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяхуг Цагаан ордонд хүлээн авч уулзан, Газын зурваст гал зогсоох гэрээний асуудлаар ярилцсан байна.

Б.Нэтаньяху АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хоёр дах бүрэн эрхийн хугацаанд АНУ-д айлчилж, Цагаан ордонд зочилсон анхны гадаад улс орны удирдагч боллоо. Мөн энэхүү айлчлал нь Олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс өнгөрсөн оны 11-р сард Б.Нэтаньяху болон Израилын батлан хамгаалахын сайд асан, Хамас бүлэглэлийн амь үрэгдсэн толгойлогч нарыг хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргаснаас хойш Израилын ерөнхий сайдын хийж буй анхны гадаад албан айлчлал болж байна.

Д.Трамп сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ тэд гал зогсоох үйл явцад ахиц дэвшил гаргана гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Гэрээг байгуулж чадна. Юу болохыг бүгдээрээ харцгаая. Хэдийгээр бид маш ярвигтай, хэцүү хүмүүстэй яриа хэлэлцээ явуулж байгаа ч гэрээ тохиролцоог байгуулах бүрэн боломжтой” гэжээ.

Мөн тэрээр дүрвэгсдийг орон гэр нь юу ч үгүй сүйдсэн Газын зурваст буцаж очих хэрэггүй, одоогийн байдлаар түр хугацаанд байршуулах шинэ байршил хэрэгтэй гэсэн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Харин Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху гал зогсоох гэрээний тухай сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Миний хувьд бүх барьцааны хүмүүсийг суллан авч, энэ дайны бүх зорилгодоо хүрэх бодлогыг илүү дэмжих болно. Үүнд Хамас бүлэглэлийн цэрэг зэвсэг болон засаглах хүчин чадлыг бүрмөсөн устгаж, ахин Израилд аюул заналхийлэл учруулахгүй болгоно” гээд, ерөнхийлөгч Д.Трамптай гал зогсоох тохиролцооны хоёр дах үе шатны талаар ярилцана гэдгээ хэлсэн байна.

Гал зогсоох гэрээний хоёр дах үе шатанд дайн тулааныг бүрмөсөн зогсоож, Хамас бүлэглэл бүх барьцааны хүнийг суллаж, Израилын цэргүүд Газын зурвасыг бүрэн орхиж гарах ёстой байгаа юм.

Харин 6 долоо хоногийн хугацаатай эхний үе шат одоо үргэлжилсээр байгаа бөгөөд НҮБ-ын зүгээс мэдээлснээр 550 мянга орчим палестинчууд нутаг буцаад байгаа гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *