ЕХ В.Путиныг яллах тусгай шүүхийг байгуулах төлөвлөгөөнд ахиц дэвшил гаргажээ


ЕХ-ны бүх гишүүн улс орнуудыг багтаасан, нийт 38 улс орон нэгдэн орсон эвслийн зүгээс Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг яллах тусгай шүүхийг байгуулах хамтарсан төлөвлөгөөнд “томоохон ахиц дэвшил” гарсан талаар мягмар гарагт мэдэгджээ.

Европын Ардчилал, шударга ёс, хууль эрхзүйн асуудал хариуцсан комиссар Майкл МакГрат хэлэхдээ “Тусгай шүүх байгуулах хамтарсан төлөвлөгөөнд томоохон ахиц дэвшил гараад байна” гэсэн байна.

Одоогийн байдлаар олон нийтэд тодорхой болгож мэдээлээгүй байгаа энэхүү тусгай шүүх байгууллагыг байгуулах олон улсын хууль эрхзүйн үндэслэл бүхий төлөвлөгөөний төсөл дээр эрхзүйн салбарын эксперт мэргэжилтнүүд, хуульч, судлаачдын баг төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд дүрмээ эцэслэн гаргаагүй байгаа ч олон улсын хамтарсан эвслийн зүгээс энэ оны сүүлээр тусгай шүүхийг байгуулах итгэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

В.Путинаас гадна Оросын улс төр, батлан хамгаалах салбарын олон өндөр дээд албан тушаалтнуудыг шүүх энэхүү тусгай шүүх байгууллагыг Европын Зөвлөлийн харьяан дор байгуулах бөгөөд тус хүний эрхийн байгууллагын ЕНБД Ален Берсетийн мэдэгдсэнээр уг шүүх байгууллагын мандат батлагдаж, байгуулагдсан даруйдаа үйл ажиллагаа явуулж эхлэх болно гэжээ.

Түрэмгийллийн гэмт хэргийн тусгай шүүх байгуулах энэхүү үндсэн санаа, санал санаачилгыг Украины ерөнхийлөгч В.Зеленский анх гаргаж байсан юм. Энэ нь агуулга болон томьёоллын хувьд дайны гэмт хэрэг буюу хүн төрөлхтний эсрэг, үй олноор хомроглон устгах гэмт хэргээс өөр, аливаа газар нутагт цэрэг зэвсгийн хүчээр түрэмгийлэн халдан орж, хяналтандаа оруулан эзлэж, өөрийн газар нутагт нэгтгэн оруулсан хувь хүн буюу аливаа гүрний удирдагчийг гэмт хэрэгт буруутгаж, хариуцлага тооцох тусдаа шүүх байгууллага байх юм.

Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхээс Ромын дүрмэнд яг үүнтэй ижил түрэмгийллийн гэмт хэрэгт хариуцлага тооцох шүүхийн тухай Кампала-гийн нэмэлт өөрчлөлтийг оруулж байсан боловч энэ нь Ромын дүрэмд нэгдэж ороогүй ОХУ, АНУ, БНХАУ-уудад үйлчилдэггүй учраас ийнхүү шинэ шүүх байгууллага, институцийг үүсгэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд Киев болон Брюсселийн зүгээс Украины дайныг өндөрлөхөөс өмнө уг тусгай шүүхийг байгуулж, дээр дурдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг зорьж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *