Сүүлийн жилүүдэд ахмад настныг хүчирхийлэх асуудал нэлээдгүй яригдах боллоо. Тэд өсгөж, өндийлгөж хүн болгосон үр хүүхдэдээ зодуулж, төрсөн гэрээсээ хөөгдөж, асрамжийн газрыг зорих болж. Эл асуудлаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.
Танай төвд ахмад настны хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл хэр их ирж байна?
Сүүлийн 10 гаруй жилээс ахмад настны хүчирхийллийн асуудал нэлээн хурцаар тавигдаж байна. Үүнээс өмнө нь ахмадыг хүчирхийлэх байтугай тэднийг хүндэтгэж, тэднээс суралцаж, ахмадынхаа үгийг сонсдог сайхан үе байлаа шүү дээ. Харин одоо ахмад, залуу үеийн хоорондын холбоо муудаж байна. Сошиал ертөнц үүнд сөргөөр нөлөөлж байгаа гэж боддог.
Хүчирхийллийн хэлбэрүүд яаж илэрч байна вэ?
Хэд хэдэн чиглэлийн асуудлууд байна. Нэгдүгээрт, эдийн засгийн хүчирхийлэл. Ялангуяа өндөр настай хөгшчүүдийн тэтгэврийг өөрт нь мэдэгдэхгүй авч ашиглах, урт хугацааны тэтгэврийн зээл авах асуудал их гарч байна. Хэдэн төгрөгийн тэтгэвэр авдгаа ч мэддэггүй хөгшчүүд байна шүү дээ. Хоёрдугаарт, сэтгэлийн дарамт. Ахмад настай эцэг эхийгээ харж хандахгүй, ганцааранг нь орхиж байна. Мөн ахуй амьдралын хүрээнд хүчирхийлэлд өртөх. Юуны өмнө орон байрны асуудлаас үүссэн хүчирхийлэл нэлээн газар авах төлөвтэй байна. Өөрийнхөө нэр дээр орон байрны гэрчилгээтэй ахмад цөөхөн болсон шүү дээ. Ихэнхдээ үр хүүхдүүд нь нэр дээрээ шилжүүлж аваад, худалдсан, үрэн таран хийснээс үүдэн орон гэргүй болсон ахмад олон байгаа.
Ахмадын холбооноос энэхүү хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Ахмадын холбоо, нэг байгууллага, нэг гэр бүл үүний эсрэг тэмцээд дийлэхгүй, хүчрэхгүй асуудал зөндөө гарч байна. Тийм учраас улсын хэмжээнд нэгдсэн бүртгэл, судалгаатай болгохыг манай холбоо өөрсдөө санаачлаад ажиллаж байна. Сум орон нутгийн захиргаа хүчирхийлэлд өртсөн ахмад настнуудаа яаж бүртгэх вэ? Үүнийг яаж төр, засаг, холбогдох байгууллагад мэдээлэх вэ? гэсэн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэхгүй бол одоогоор ямар ч тоон мэдээлэл байхгүй байна. Энэ жил Ахмад настны хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хүрээнд ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлыг нэн тэргүүнд тавьж, арга хэмжээ авах зорилготой ажиллаж байна.
Танай байгууллагад хандсан ахмадыг хүчирхийлсэн хамгийн ойрын жишээг дурдвал?
Саяхан нэг ахмад настан ирсэн. Түүний нэр дээр байсан орон сууцыг хүүхдүүд нь шилжүүлээд авчхаж. Тэрийгээ бүрэн эзэмшихийн тулд өнөөх хөгшнийг гэрээс нь хөөсөн байгаа юм. Мөн хүүгийнх нь эхнэр болох эмэгтэй ирж, аашилж, зодоод хөгшний гарыг нь хугалчихсан байсан. Тэгээд нөгөө хөгшин манай дээр уйлж ирээд, холбогдох байгууллагад нь хүлээлгэж өгсөн. Хуулийн хүрээнд асуудал нь шийдэгдэж байгаа. Энэ мэтчилэн орон байрны маргааны асуудал их ирдэг.

Төрүүлсэн эцэг эхээ орон гэрээс нь хөөх, бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байгааг та юу гэж харж байна вэ? Байж боломгүй үйлдэл шүү дээ.
Гомдол гаргавал гэмт хэрэг шүү дээ. Эцэг эхийгээ асран халамжлах нь хуулиар хүлээсэн, иргэний эрхэм үүрэг. Энэ үүргээ умартаад, эрүүгийн шинж чанартай гэмт үйлдэл үйлдэж байгаа учраас хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах цаг нь болсон гэж харж байгаа. Гэр бүлийн хууль УИХ-д өргөн баригдсан. Үүнд манай холбоо байр сууриа илэрхийлж, ахмад настныг гэр бүл дотор хүндэтгэн, хайрлах, асран халамжлахыг хуулийн зүйл заалтад тусгаж өгөх саналыг тавьсан.
Орон гэргүй, хүчирхийлэлд өртсөн ахмадууд хаана очдог бол гэдэгт хүмүүсийн санаа их зовнидог. Эдгээр ахмад хаана очдог вэ?
Асарч хамгаалах ахан дүүс, харж хандах хүнгүй болсон ахмадуудыг халамжийн үйлчилгээгээр дамжуулан, улсын болон орон нутгийн чанартай асрамжийн газарт явуулдаг. Хуульдаа заасан байгаа. Хот, хөдөөгөөс хамааран тухайн газарт асрамжийн үйлчилгээ хариуцсан газрууд арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Ахмадаа хүндэтгэх, хайрлах гэдэг зүйл устаж байна гэж та ярилаа. Таны харж байгаагаар манай нийгэм ямар байна вэ?
Ахмадаа хүндэтгэх хайрлах, эцэг эхээ асран халамжлах үзэл бодол бий болгох л хамгийн чухал байна. Автобусанд ороход л суудал тавьж өгөхөө больчихсон. Олон нийтийн газар ахмад настнаа хүндлээд. урдуураа оруулчихдаг наад захын хэм хэмжээ алдагдчихсан байна. Нийгмийн ухамсар, соёлын байдал хэцүү болсныг харуулж байгаа юм шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.