Мягмар гарагт Шведийн насанд хүрэгчдэд боловсрол олгох сургуулийн байранд нэгэн этгээд гал нээсэн хэрэг гарч, халдлагын улмаас нийт 10 хүн амь үрэгдсэний дотор халдлагыг үйлдсэн этгээд багтсан байна. Мөн олон хүн шархадсан талаар эрх баригчид мэдээлжээ.
Швед улсын өмнөд хэсгийн Оребро хотын төвд гарсан энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг уг халдлагыг ганцаараа үйлдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа ч мөрдөн шалгах ажил дөнгөж эхний үе шатандаа явж байгааг цагдаагийн байгууллага мэдээллээ.
Халдлага үйлдсэн этгээд цагдаагийн мэдээллийн санд байхгүй учраас Шведийн нууц алба, тагнуулын байгууллагатай уг хэрэг дээр хамтран ажиллаж байгаа талаар Оребро хотын цагдаагийн дарга Роберто Эйд Форест ярьсан байна. Мөн цагдаагийн газраас тухайн хэсгийн оршин суугчдыг орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Одоогийн байдлаар гэмт этгээдийн уг хэргийг үйлдэх болсон шалтгаан, сэдэл тодорхойгүй байгаа бөгөөд Цагдаагийн газраас энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэхгүй байгаа аж.
Зэвсэгт этгээдийн халдлага хийсэн Оребро хотын Рисбергска хэмээх сургууль нь 20-иос дээш насныханд математик, шинжлэх ухаан зэрэг ерөнхий мэдлэг олгохоос гадна цагаач, дүрвэгсдэд швед хэл заадаг. Ойролцоогоор 2000 орчим хүн суралцдаг сургууль ажээ.
Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон халдлагын дараагаар хийсэн мэдэгдэлдээ “Швед улсын хувьд маш хүнд хэцүү өдөр боллоо. Олон гэмгүй хүн амь насаа алдлаа. Швед улсын түүхэнд галт зэвсгээр үйлдэгдсэн хамгийн аймшигтай халдлага боллоо” гээд, хэрэг гарсан бүсэд засгийн газрын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ.