Австрали улсын Засгийн газрын төхөөрөмжүүдээр “DeepSeek” хэрэглэхийг хориглов


Австрали улсын Засгийн газрын бүхий л компьютер, бусад дижитал төхөөрөмж, системүүдэд Хятадын хиймэл оюун ухааны “DeepSeek” программыг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн сарын сүүлээр зах зээлд нэвтрүүлсэн, ердөө 6 сая ам.долларын өртгөөр бүтсэн Хятадын хиймэл оюуны чатбот “DeepSeek” нь ажиллагаа, гүйцэтгэл, үзүүлэлт зэргээрээ Америкийн олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай өрсөлдөгчдөөсөө дутахааргүй гэдгээ харуулж, улмаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрх өрсөлдөгчдийнхөө үнэ ханшийг унагаж, олон тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэсэн юм.

Австралийн Засгийн газраас “DeepSeek”-тэй холбоотой гаргасан шийдвэрээ Хятадаас гаралтай хиймэл оюуны аппликэйшн гэдэг үүднээс бус, харин үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй учраас хориглосон гэдгээ тодотгожээ.

Австралийн Засгийн газрын бүхий л цахим төхөөрөмжүүдэд “DeepSeek”-ийн бүтээгдэхүүн, аппликэйшн суулгаж ашиглах, вэб үйлчилгээг нь авахыг хориглож, өмнө нь суулгасан программуудыг устгахаар болсон байна.  

Өөрөөр хэлбэл тус улсын төрийн бүхий л байгууллагуудад “DeepSeek”-ийн хэрэглээг ийнхүү хориглохоор боллоо. Харин төрийн харьяанд багтдаг ерөнхий боловсролын сургууль зэрэг зарим газруудад хориглох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бол иргэд хувийн хэрэгцээндээ чөлөөтэй ашиглаж болохоор байгаа юм.

Өмнө нь үүнтэй ижил шийдвэрүүдийг Барууны улс орнууд гаргаж байсан түүхтэй. Хятадын теле-харилцаа холбооны “Huawei”, нийгмийн сүлжээний “TikTok” аппликэйшний эсрэг үндэсний аюулгүй байдалд эрсдэл дагуулах аюултай хэмээн хориглох шийдвэрүүдийг гаргаж байсан билээ.

Тэгвэл Австралиас гадна өнөөдөр мөн Итали, Өмнөд Солонгос, Ирланд, Франц зэрэг улсууд “DeepSeek”-ийг аюулгүй байдлын үүднээс шалгаж эхлээд байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт мөн “DeepSeek”-ийг аюулгүй байдлын үүднээс шалгаж байгааг хэлсэн юм.  

Түүнчлэн АНУ-ын “OpenAI “зэрэг хиймэл оюуны компаниуд “DeepSeek”-ийг Америкийн технологиудыг шударга бусаар ашиглаж байна хэмээн буруутгаад байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *