Б.Мөнгөнхишиг: Утааны эсрэг сонсгол бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад маш том сургалт боллоо


Утааны эсрэг сонсголд бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, иргэний нийгмийн байгууллага, угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэрийн төлөөлөл гээд 250 гаруй хүн оролцон, үзэл бодлоо илэрхийлж, утааны асуудлыг хэлэлцэв. Энэ сонсголоор агаарын бохирдолд зарцуулсан мөнгөн дүн, угаартаж нас барсан хүмүүсийн тоог дарж байгаа талаар ч оролцогч нар дурдсан удаатай. Цаашлаад бага насны хүүхэдтэй, жирэмсэн хүн Улаанбаатарт амьдрах эрсдэлтэйг ч хөндөв. Тэгвэл энэ удаагийн сонсгол ямар үр дүнтэй болсон талаар “People in Need Mongolia” ТББ-ын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишигтэй ярилцлаа.

-Та утааны эсрэг сонсгол хийх санаачилга гаргаж, иргэдээс гарын үсэг цуглуулсан. Яагаад гарын үсэг цуглуулсан бэ?

Би 2016 оноос хойш олон улсын байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-ын суурин төлөөлөгчийн ажлыг хийж байгаа. Монгол Улсад болсон олон улсын шинж чанартай бүхий л хурлыг зохион байгуулсан. Тийм болохоор утааны асуудлыг сайн мэднэ. Харамсалтай нь утааны эсрэг авч буй сүүлийн үеийн бодлого, шийдвэрүүд оновчгүй байсан учраас утааны эсрэг сонсголыг санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулсан. 79 мянган хүн гарын үсэг зурсан.

794 хүн угаартаж нас барсан гэдгийг олон нийт утааны сонсголоор мэдлээ

-Утааны эсрэг сонсголд Та иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж оролцсон. Бас нэлээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Сонсгол ер нь ямархуу болов?

Утааг бууруулах хэмжээнд шууд үр дүн гараагүй ч хэд хэдэн чухал мэдээлэл өгсөн сонсгол боллоо. Жишээ нь: Угаартаж нас барсан хүмүүсийн тухай маш зөрүүтэй байсан тоо эцэслэгдэж гарлаа. Албаныхан угаартаж нас барсан хүний тоог 163 гэж дарж мэдээлсэн. Гэтэл аль хэдийнэ 794 хүн нас барсан гэдэг нь ил тод болсон. Энэ бол сонсголын нэг үр дүн байлаа. Хэрвээ энэ сонсгол болоогүй бол угаартаж нас барсан хүний тоо 700 давсан гэдгийг ч мэдэх боломжгүй байв. Мөн “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшний асуудлууд нээлттэй боллоо.

Энэ утгаараа олон нийтэд гэлтгүй шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдын хувьд ч гэсэн маш том сургалт болсон сонсгол боллоо. Засгийн газар, иргэдийн дунд мэдээлэл ил тод байхаар аль аль нь дүн шинжилгээ хийж, төлөвлөгөө, хөтөлбөрөө сайжруулах боломж бололцоо нь бүрдсэн гэж харж байна.

“Ус, тосоороо ялгарсан сонсгол болсон”

Хоёр дахь үр дүн нь Засгийн газрын үйл ажиллагаанд салхи оруулсан гэж найдаж байна. Аливаа өөрчлөлт реформыг төрийн мэргэжилтнүүд өөрсдийнхөө вакуумжсан орчинд, шийдвэр гаргахад хязгаарлагдмал нөхцөлд хийнэ гэдэг магадлалын хувьд бага. Харин хэн нэгэн хүн гаднаас салхи оруулаад өгвөл асуудлыг өөр өнцгөөр харж, шийдэл гарч ирдэг. Нөгөө талаар нэг иргэн санаачлаад, УИХ-ын гишүүдийг нь оролцуулаад, төрийн байгууллагыг нь хөдөлгөөд, сонсгол хийх боломжтой юм байна гэдэг жишиг тогтоосон.

-Цаашид та бүгд юу хийх вэ?

Ерөнхий хяналтын сонсгол бол сургалт, олон нийтэд мэдээлэл, мэдлэг өгөх зорилготой. Хянах, шүүх, хариуцлага оногдуулах асуудлыг шүүх засаглал тусдаа аваад явчих байх. Бид бол гүйцэтгэх засаглалыг хянана. Иргэний нийгмийн байгууллагынхаа үүргийг гүйцэтгэнэ. Бид зүгээр нэг шүүмжлээд зогсоогүй судлаач, инженер залуучуудын баг хамтрал байгаа. Агаарын бохирдол, агаарын харуул “Breathe Mongolia” гэсэн төлөөлөлтэй төрийн бус байгууллага. Бид хянахын сацуу шийдэл, зөвлөмжөө давхар өгөөд явна.

Бахь байдгаараа байвал бид өөрсдөө хууль санаачилна

Хэрвээ энэ төлөвлөгөө, хөтөлбөр нь дахиад яг бахь байдгаараа байх юм бол бид цаашдаа магадгүй хууль санаачилна. Хуульд нь өөрсдийн санаа, шийдлүүдийг тусгах зорилгоор.

-Агаарын бохирдлын асуудал өвөл болохоор л яригддаг. Зун болохоор өвөл утаа гардаггүй юм шиг болдог шүү дээ! Одоо Цагаан сарын дараагаас дулаарахаар дахиад л мартагдах болов уу? Уг асуудал өвөл болохоор л сөхөгддөг байж болох уу?

Агаарын бохирдлын асуудлыг өвөл яриад л мартдаг байж болохгүй. 4 улирлын турш хэлэлцэж, шийдэл олох ёстой. УИХ-ын хэд хэдэн гишүүн түр хороо байгуулна гэсэн. Бид түүнийг нь дэмжинэ. Сонсгол бол хууль, дэг журмын дагуу явлаа. Одоо бид хүлээнэ, харна. Утааны эсрэг сонсголыг дүгнэж хэлэхэд эрт байна. Сонсгол болоод өнгөрсөн ч хийх ажлуудыг нь холбогдох субьектүүдэд нь өгчихсөн байгаа. Одоо тэднийг ажлаа хэрхэн хийхийг нь хянана, ажиглана.

-794 гаруй хүн угаартаж амиа алдсан байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Сайжруулсан шахмал түлш нэвтрүүлсэн төр хариуцлага хүлээх үү?

Бодлогын түвшинд бид яг хэнтэй дараа нь хариуцлага тооцож болох юм гэдэг дээр нэг талдаа гарах ёстой. Тэгэхгүй бол нийслэл дээр байгаа юм уу эсвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын доор байгаа юм уу гэдэг нь маш ойлгомжгүй, тодорхойгүй байна. Манай багийн хувьд айхтар хариуцлага яримааргүй байна. Гэхдээ цаашид асуудал гарвал яах ёстой вэ гэдгээ тодорхой болгох нь зөв шүү дээ!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *