Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гэр бүлийн 6 хүн угаартаж, нас барсан. Тус хороонд амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, 4 хүүхэд, хамаатныхаа 1 хүүхэдтэй хамт угаарын хордлогын улмаас нас барсныг шүүх эмнэлэг тогтоожээ.
Тэрхүү гэр бүлээс амьд үлдсэн хүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр ээж, 4 дүүгээ нас барсан гэдгийг цэргийн албанаас чөлөөгөөр гарч ирээд, мэдсэн байна. “3 дүүгээ ээжтэйгээ хамт алдчихлаа. Надад маш их хэцүү байна. Цэрэгт явсан хойгуур юугаа ч мэдэхгүй 3 дүүгээ алдлаа. Би 8-р сард Сүхбаатар аймаг руу явахдаа ээж, дүү нартайгаа уулзсан. Хамгийн сүүлд ээжтэйгээ 12 дугаар сарын 18-нд ярьсан. Ээж минь тэр үед надтай ирээдүйн минь талаар ярилцсан. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Миний ээж нэгэн хувийн компанид үйлчлэгч хийж байсан. Манай аав байхгүй. Ээж минь биднийг хүний дайтай өсгөсөн. Манай хамгийн том дүү коллеж төгссөн. Дүүг маань “Сайн жүжигчин болно. Хичээлдээ сайн, идэвхтэй мундаг байсан” гэж багш нь хэлж байсан. Дунд дүү маань гуравдугаар анги, бага дүү маань энэ жил нэгдүгээр ангид орсон.

Цэргээс халагдаж ирээд бага дүүгийнхээ нэгдүгээр ангийн төгсөлтийн баярыг гоё тэмдэглэж өгнө гэж бодож байтал дүү маань өнгөрчихлөө. Нүүрс түлснээс болоод амиа алдах юм уу. Ийм улны амьдрах юм уу? Манай ах, эгчид цагдаа нар “Хамаагүй юм ярьж болохгүй” гэж хэлж, гарын үсэг зуруулсан байна лээ. Надад тийм юм болоогүй. Ах, дүү нар маань ярилцлага өгч болохгүй гэсэн. Би хаана хандахаа, яахаа мэдэхгүй байна” гэсэн юм.
Тэдний гэр бүлийг оршуулахад төрөөс 5 сая төгрөг өгчээ.