Чойбалсангийн Хулан: Манай ээжийг бас хавчиж хяхсан


Ардын хувьсгалын анхны 7-гийн 1, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд, өрлөг жанжин Х.Чойбалсангийн зээ Чойбалсангийн Хулантай ярилцлаа. Хулан бол Х.Чойбалсангийн охин Ч.Сувдын бага охин. Хулан, Халиун гэх 2 охиноо Ч.Сувд өөрөөрөө овоглодог байсан ч 1988 онд овгийг нь солиулж, өвөөгөөр нь овогложээ. Ийн тэр Чойбалсангийн Хулан болсон байна.

-Өвөөгийнхөө талаар хэр сайн мэдэх вэ?

-Биднийг төрөхөд байгаагүй учир өвөөгийнхөө талаар тийм сайн мэдэхгүй. Намайг нялх байхад Маршалын охин буюу манай эмээ нас барсан. Тэгэхээр бид өвөөгийнхөө талаар ээж, нагац ах хоёроосоо л сонсож, бусдын адил ном зохиолоос л уншиж мэдсэн дээ. Миний ээж 53-тайдаа бурхан болсон. Гэр бүлийн хүмүүжил байж магадгүй, манайхан ерөнхийдөө үг дуу цөөтэй хүмүүс. Хаалттай байсан үе болоод тэр үү, манайхан өвөөгийн талаар нэг их ярьдаггүй. Бидэнд ч хэлдэггүй байсан шиг байгаа юм. Ардчилсан хувьсгал дөнгөж гарах тэр үед би юмны учир ойлгох насанд ирж байгаа юм. Гэрт зургийн цомгууд байдаг. Дурсамж гэвэл өвөөгийн монгол бичгээр бичсэн тайлбартай гэрэл зургууд дугтуйнд байдаг. Тэр үед бид монгол бичиг мэдэхгүй. Монгол бичиг мэддэг хүн авчирч уншуулаад, тайлбарыг нь бичиж авсан. Сүүлд нь ээж бид хоёр альбом гаргасан. Тэр үеийн 5-6 альбом манай гэрт байдаг.

Өвөөгийн комиссар байсан Шагдарсүрэн гуайн гаргасан ном байдаг. Зарим номын намтар хоорондоо зөрдөг. Тэр бүхний аль нь үнэн, аль нь худлааг сайн мэдэхгүй.

-Яагаад өвөөгөөрөө овоглосон бэ?

-Ээж намайг 6-тай байхад эгч, бид хоёрыг өвөөгийн нэрээр овоглосон. “Бид мөнх биш. Надаас хойш хүмүүс өвөөг чинь мартана. Үр удам нь байдаг гэдгийг хүмүүс санаж яваг” гээд эгч, бид хоёрын овгийг өөрчилсөн.

-Зарим хүмүүс удмаараа ургийн овгоо сольсон байдаг. Танай энэ Чойбалсан гэдэг ургийн овог уу?

-Тийм. Манайхны ургийн овог Чойбалсан. Тиймээс Чойбалсангийн Халиун, Хулан гэж явдаг.

-Өвөөгийнхөө үйл хэргийг олон нийтэд таниулах ямар ажил хийж байна вэ?

-Бодож санаж явдаг юм их л байгаа л даа. Тэр болгоныг хийх амархан биш байна л даа.

-Чи ямар мэргэжилтэй, ямар ажил хийдэг вэ?

-Боловсрол, хүний нөөц, нягтлан. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа.

-Намын гишүүн үү?

-Намын гишүүн. Эгч Ч.Халиуны минь охин Д.Бишрэл бид 2 хоёулаа намын гишүүн.

-Ямар нэг сонгуульт ажил эрхэлдэг үү?

-Үгүй. Эрхэлж байгаагүй. Сонгуульд ч явж байгаагүй.

-Өвөөгөөс чинь үлдсэн эд зүйл бий юү?

-Өвөөг өнгөрсний дараа музейд бүх юмыг нь өгсөн гэдэг. Манайд өвөөгийн шинель, дээлний дотор өмсдөг цамц, наадмаар өмсөж байсан дээл нь бий. Гадаадын зочид, төлөөлөгч, бусад хүмүүсийн өгсөн бэлгийг бүгдийг нь музейд өгсөн.

Аавынхаа тухай эмээ чинь юу гэж дурсаж байсан бэ?

-Манай ээж ерөөсөө тэр талаар дурсдаггүй, хаалттай байсан. Нагац ах ч ярьж байгаагүй. Бид өөрсдийгөө том хүний үр удам л гэдгээ мэдэхээс биш өөр зүйл мэдэхгүй. “Өвөө чинь мах их иддэг, өдөр бүр мах чанаж иддэг хүн байсан” гэж л ярьж байсан.

-Үр хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байсан бол?

-Бүгд л хүмүүжилтэй л өссөн. Ер нь л дуугүй хүмүүс. Ээж маань ах Ч.Нэргүйтэйгээ их дотно өссөн. Бие биеийнхээ төлөө гэдэг байсан. Хамт амьдардаг байхад бидэнд тэр нь харагддаг байсан. Нэг нь өвдлөө гэхэд нөгөөх нь хамаг юмаа зориулаад, их санаа тавьдаг байсан. Жирийн ах дүүсээс ч ойрхон байсан даа.

-Х.Чойбалсан гэдэг хүн танайхны амьдралд яаж нөлөөлсөн бэ. Хэрэг болсон уу?

-Байхгүй дээ. Сургуульд байхад бүр хэцүү байдаг байсан.

-Яагаад.

-Би 1-р сургуульд сурдаг байсан юм. Манай сургуульд нэг удаа залуу захирал ирсэн. Би хүүхэд л юм чинь үймүүлнэ. Коридорт гүйж явахад тэр захирал намайг өрөөндөө дуудаж, “Танай өвөө ийм” гээд загнадаг байсан. Би гайхаад, жаахан хүүхэд байсан болохоор ойлгодоггүй байлаа. Бодвол манай өвөө түүний өвөөг хэлмэгдүүлсэн юм шиг байгаа юм. Аягүй их дарамтанд байдаг байсан. Одоо ярихад муухай л даа.

Манай ээжийг бас аягүй их хавчиж хяхсан. ШУА-ийн Дорно дахины эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилладаг байсан юм. Ардчилал гараад, манай ээжийг эрдэм шинжилгээний ажилтан биш болгоод, бараг ажлаас нь гаргах шахуу юм болсон. Захирал нь сайн хүн байсан болохоор манай ээжийг “Нас нь явчихсан хүнийг ажлаас нь гаргаад яах вэ гээд “Номын санч хийх үү” гэж асуугаад, номын санч болгосон. Тэр бол наад захын юм шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *