ХАРБИН-2025”: “МАРГААШ ХАГАС ШИГШЭЭД УРАЛДАХ Б.ГЭРЭЛТУЯА ГЭЖ ХЭН БЭ?
БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр шорт трейкийн 1000, 1500 метрийн зайд уралдсан Б.Гэрэлтуяа Азийн өвлийн спортын наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны монгол тамирчин боллоо. Тэрээр 1500 метрийн зайд урьдчилсан 3-р гараанд зам дээр гарч, 2:38.674 секундийн амжилтаар Тайванийн Чан Ван-Тинг, БНЭУ-ын Сравана Мөрти Сай Сахана нарыг ардаа орхиж, 3-р байр эзэлжээ. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна. Энэ зайн уралдаан 2 хоногийн дараа буюу Ням гарагт үргэлжлэх юм.
Б.Гэрэлтуяа өнгөрсөн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, энэ оны эхэнд Дэлхийн оюутны универсиад наадамд амжилттай оролцсон. Түүний амжилтаас товч дурдвал
-“Danubia Series–Sofia Open 2023” болон Тэнгисийн цом” тэмцээнээс нийлбэр дүнгээр алт,
“-Deutschland cup” тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгө
-“Asian Trophy” олон улсын тэмцээнээс хошой хүрэл
-“Sea Trophy Manila” олон улсын тэмцээнээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.
Энэ удаагийн өвлийн спортын наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөх юм.