Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын гэрээг байгууллаа


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах Ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан Энэтхэг улсын Megha Engineering and Infastructures Ltd компанитай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгууллаа.


Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн долоо нь гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд юм. Уг долоон байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэх юм.


Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Франц, Итали, АНУ, Голландын компаниудын технологийн лицензээр барьж байгуулах бөгөөд лиценз эзэмшигч компаниуд өөр, өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгасан байна.


Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай Megha Engineering and Infastructures Ltd компани нь гэрээнд тусгагдсаны дагуу дээрх долоон байгууламжийг 36-38 сарын дараа барьж дуусгах үүрэг хүлээж буй аж.


Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын 1,7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэн хэрэгжих бөгөөд эхний буюу EPC 01 багц ажилд хамаарах иргэний 9 барилга байгууламж, цахилгаан болон ус хангамжийн систем, үйлдвэрийн талбай дахь дэд бүтцийн ажил бүрэн дуусч, 2024 оны арваннэгдүгээр сард улсын комисс хүлээн авчээ.


EPC 02, EPC 03 багц ажлын хувьд байгууламжуудын шугам хоолойн эстакад, технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, эстакадын ган бүтээцийн угсралтын ажлыг удахгүй эхлүүлнэ. Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусч байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испани зэрэг улс орнуудын 1000 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *