Ж.Галбадрах: УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа 2 хүүхдээ хот руу шилжүүлэх гэж байснаа больсон шүү дээ


УИХ-ын гишүүн, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, Гавьяат багш Ж.Галбадрахтай боловсролын системийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Боловсролын салбарт Засгийн газар 2024 онд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бол энэ жил 500 тэрбумыг зарцуулж байна. Монгол Улс боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтаа багасгалаа. Ийм нөхцөлд шинэчлэл ярих боломжтой юу?

-Хөрөнгө оруулалтыг 200 тэрбумаар багасгасан. “Үдийн цай” хөтөлбөр хасагдаж байсныг гишүүд авч үлдсэн. Зарим сургуулийн барилгыг барихгүй, хасах гэж байсныг үлдээлгэсэн. Яах вэ, байгаа хэмжээндээ болгох л ёстой.

-Сургууль биш өргөтгөл бариад байна. Өргөтгөлд спорт заал байхгүй. Бас зураг төсөл гаргах гээд мөнгө үрээд, цаг алдаад байна. Улсын хэмжээнд нэг л загвараар бүх сургуулийг барьж болно. Яагаад тэгэхгүй байна вэ?

-Яг зөв. Бид яг энийг яриад байгаа. Хүүхдэд биеийн тамирын хичээл орох ёстой. Тиймээс заавал заал хэрэгтэй. Одоо улсын сургуулийн зааланд 2-4 анги зэрэг хичээллэж байна. Тэгэхээр багахан зайдаа биеийн тамирын хичээл орсон болдог. Уг нь тэнд хүүхэд чөлөөтэй хөдлөх, гүйх хэрэгтэй. Спорт заалтай сургууль нэмж барих хэрэгтэй л гэсэн үг.

Сургууль, цэцэрлэг бүрт тусад нь зураг гарахгүйгээр, улсын хэмжээнд нэг л загвараар, нэг л зураг төслөөр барьдаг болгох хэрэгтэй байгаа. 640, 960, 1500 гээд суудлын тоо, багтаамж нь л ялгаатай байж болно. Сургууль барих гэхээр газар чөлөөлүүлэх гэдэг асуудал яригддаг. Жишээлбэл: “Нарантуул” захаас Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх хэсэгт ганц ч сургууль байхгүй. Гэр хорооллын газрыг чөлөөлөөд, орон сууцнаас гадна, заавал сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй байгаа юм.

-Та сая Казахстан яваад ирсэн. Тэндхийн сургуулиуд ямар байна?

-Казахстанд орон сууцыг заавал сургууль, цэцэрлэгтэй бариулдаг. Сургууль, цэцэрлэг барьсан мөнгийг нь төр нь өгчихдөг юм байна. “Ийм хүн амтай хотхон барих юм бол төдөн хүүхдийн сургууль, цэцэрлэгийг энэ загвараар барь” гээд зураг төслийг нь өгчихдөг. Манайх ч тэгмээр юм байна. “1 ам метр талбайн үнийг ийм байлга. Үүнээс хэтэрвэл илүүг нь улс төлөхгүй” гэж тохирох хэрэгтэй. Тэгэхгүй бол чанаргүй, янз бүрийн юм барьчихна. Сургууль, цэцэрлэгээ барьсны дараа мөнгийг нь өгнө. Сургууль, цэцэрлэгтэй бол тэр орон сууц дороо зарагдана, үнэтэй ч байна.

-Орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэгтэй барихыг 20 жилийн өмнө л хотын дарга шаардаж байсан. Хэрэгжээгүй. Хаана нь алдчихав?

-Ерөөсөө л ерөнхий төлөвлөгөө батлахдаа алдчихсан. Компаниуд ашгаа бодоод сургууль, цэцэрлэггүй байр шахаад бариад байсан. Улаанбаатар хотын ерөнхий архитектор, хот төлөвлөлтийнхөн хянаагүй. Орон сууцны дунд чигжиж барилга барьсан. Сургуулийн талбайг булааж авсан. Би 84-р сургуульд ажиллаж байсан юм. Энэ сургууль ардаа хөлбөмбөгийн ямар гоё талбайтай байлаа. Тэнд барилга барьсан. Урд нь овоо зай байсан ч яг замд тулгаад 2 барилга барьсан. Баруун талын мод, хашааг түрээд байшин барьчихсан. Ингэсээр байгаад одоо сургууль барих газар үлдсэнгүй. 2022 онд баталсан стандартаар 1 ангид 30-аас цөөн сурагч сурах ёстой. Одоо 40-50 хүүхэд чихэлдэж байна. Багш ширээн дундуур явах нь байтугай арын эгнээний хүүхэд гарч бие засах боломжгүй. Энэ олон хүүхдийг завсарлагаанаар гаргадаггүй. Ингээд хүүхэд өдөржин бие засаж чадахгүй, ус уух эрхгүй болчхож байна. Арайхийж жорлонд очвол дугаарлаж зогссоор байтал завсарлагааны цаг дуусчихдаг.

-Үнэхээр тийм юм болдог. Маш хэцүү.

-Нэг ангид байх хүүхдийн тоо хэтрэхээр дуу чимээ гэж айхтар юм үүсдэг. Багшийн яриа арын хүүхдүүдэд сонсогдохгүй. Ийм дуу чимээнд багш, хүүхэд бүгд амархан ядарна. Улсын сургуулиудын 30% нь 40-өөс олон сурагчтай. 214 мянган сурагч ийм хүнд нөхцөлд сурч байна. сургуулиудын 50% нь 1800-гаас олон сурагчтай. Өдөр бүр 4-5 цаг микро автобусанд чихэлдэж сууна гээд бод доо. Яг л тийм нөхцөлд хүүхдүүд байна шүү дээ. Хүний анхдагч хэрэгцээ гэдэг шиг боловсролын анхдагч, суурь хэрэгцээ гэж бий. Сургуулийн анги танхим, агааржуулалт, ширээ сандал, спорт заал гээд энэ бүхэн боловсролын суурь хэрэгцээг хангаж байх ёстой. Суурь хэрэгцээ нь шаардлага хангахгүй байхад, чанартай боловсролын тухай ярих ямар ч боломжгүй.

-Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг багасгахад сургууль маш чухал гэж би боддог. Хөдөөнөөс Улаанбаатарт ирсэн хүмүүсийн 50% нь ажил хайж, 50% нь хүүхдээ чанартай сургууль бараадуулсан. Одоо хүмүүсийг Улаанбаатараас явуулахын тулд хөдөө сайн сургууль, ажил байх хэрэгтэй. Үүн дээр Танд ямар шийдэл байна вэ?

-Яг үнэн. Ерөөсөө л хүмүүс хүүхдэдээ чанартай сургууль хайж, хотод ирдэг. Тэгэхээр сум, аймгийн сургуулиудын чанарыг сайжруулах л чухал. Би 21 аймгаа тойрч, 60 сургуулиар орлоо. Тэгтэл аймаг, суманд сургууль хөгжих боломж үнэхээр их байна.

-Ямар боломж?

-Тэнд түгжрэл алга. Агаар цэвэр. 1 ангид цөөн хүүхэд байна. Зарим аймгийн төвд 1-2 сургууль барьчихад л болно. Сайн багш л дутуу байна. Сайн багш хөдөө олшрох хандлага гарч эхэлсэн шүү.

-Тийм үү?

-Багш нарт аймагт ажиллавал 20%, суманд ажиллавал 40%-ийн нэмэгдэл цалин өгч байна. Хотынхноос өндөр цалинтай. Залуу багш нар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодоод, хөдөө шилжиж байна. Хөдөө сайхан амьдарч байгаа, сэтгэл хангалуун байгаа багш олон болж байна. Мөнгө үрэгдэх нь ч бага. Өөртөө, гэр бүлдээ зарцуулах цаг их гардаг юм байна.

-Сайхан мэдээ байна. Гэхдээ л хотоос хөдөө шилжих багш цөөн байгаа юм шиг ээ?

-Тэдэнд юу хэрэгтэй байна вэ гэвэл өөртөө итгэх итгэл өгмөөр юм байна. Үүнд сургуулийн захирлын манлайлал их чухал. Тэр хүн багш нараа сэргээх хэрэгтэй байна. Дутуугийн комплекс гэж байдаг даа. Тэд өөрсдийгөө суманд хаягдсан, гологдсон гэж андуураад байна. Сургуулийн захирал сайн ажиллавал бүх юм сайхан болох бүрэн боломжтой. Ганцхан тийм л юм дутуу байна. Бусад бүх юм тэнд байна. Энэ тухай нь тэдэнд хэлэхээр сэтгэл санаа нь сэргэдэг. Захирлуудыг өөртөө итгэлтэй болгох л хэрэгтэй. Булганы Сэлэнгэ сумын залуухан захирал охин “Манай багш нар ийм байсан чинь одоо ямар гоё сэргэсэн гээч. Ийм ийм багш нар шинээр ирлээ. Сургалтын чанар ингэж сайжирлаа. Миний хичээл зүтгэл хэрэгтэй байсан юм байна” гэж бусад багш, захирлуудад ярьж байна. Увсын 3-р сургуулийн захирал сургуулиа үнэхээр супер болгосон. Аймгаараа тэр хүнийг шүтчихсэн. Дарханы Орхон сумын захирал залуу байна. Захирал манлайлж чадвал бусад нь дагаад сайжирдаг.

-Харах өнцгөө л өөрчлөх хэрэгтэй юм байна.

-Өмнөговьд УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяатай таарсан юм. Даланзадгадын 5-р сургуульд 2 хүүхэд нь явдаг юм байна. Энэ жил 2 хүүхдээ хот руу шилжүүлнэ гэж бодож байсан юм байна. Гэтэл “Танай менежментийн төсөл манай 5-р сургуульд хэрэгжиж эхэлсэн. Манай сургууль шал өөр болчхож. Би хүүхдүүдээ хот руу шилжүүлэхээ больсон шүү. Хүүхдийнхээ боловсролд санаа зовоод, сургууль хайгаад явж байсан юм. 5-р сургуулийн сургалт сайжирсан. Манай хүүхдүүдийн төлөвшил аягүй өөр болсон” гэж өнгөрсөн 8-р сард очиход ярьсан юм. Хөдөөгийн сургууль чанаржвал хот руу шилжилт хөдөлгөөн зогсох нь байна. Тэдэнд давуу тал маш олон байна. Тэрийг нь тэдэнд ойлгуулмаар юм байна. Дутуугийн биш, давуугийн комплекс тэнд байгаа байхгүй юү.

-Энэ бүхэн “Шинэ Монгол” сургуулийн стандартыг улсын сургуулиудад нэвтрүүлсний үр дүн үү?

-Тийм.

-Та хувийнхаа зардлаар хэрэгжүүлээд байна уу, өөр санхүүжилт олсон уу?

-Эхний 8 сургуульд хэрэгжүүлэхдээ би хувиасаа 165 сая төгрөг гаргасан. 7 хоног бүр хүмүүсээр багш нарт хичээл заалгадаг. Тэр багш нарын цалин, томилолтод голдуу зарцуулсан. Бүтэн жил 36 долоо хоног хичээл заана. Дараа нь 2022-2023 онд 60 сургуульд хэрэгжүүлсэн. 1 сургууль 5 сая төгрөг гаргаад, бүтэн жил хичээл заалгаж байгаа.

Төрийн сургуулиуд ингэж өөрчлөгдөж байгааг бусад нь хараад, “Манай сургууль хамрагдъя” гэсэн хүсэлт их ирдэг болсон шүү дээ.
-Та хувийн сургуулийнхаа нууцыг улсын сургуулийнханд үнэгүй заагаад өгчхөж болж байгаа юм уу?
-Анх “Шинэ Монгол”-ыг хүмүүс хараад, “Манай аймагт сургууль байгуулаач” гэсэн хүсэлт их ирсэн. Тэгээд би бодсон. “Монголын нийт сурагчийн 91% нь төрийн, 9% нь хувийн сургуульд сурдаг. Төрийн сургуулийг өөрчлөхгүй бол Монгол Улсын боловсролын систем хэзээ ч чанаржихгүй, монголчууд хөгжихгүй. Би хувийн сургууль байгуулаад, хэдэн хүүхэд сургаж чадах юм. Дахиж сургууль байгуулахгүй” гэж. Тэгээд анх улсын 8 сургуульд “Шинэ Монгол”-ынхоо стандартыг нэвтрүүлсэн дээ. 2022-2023 онд 60 сургууль сонгосон. 1 аймгаас 2-4 сургууль, Улаанбаатараас 2 сургууль сонгосон. Энэ 60 сургуулийн үр дүнг хараад, УИХ-д дэвших санал надад ирсэн.

-Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахын тулд төрийн өмчит их сургуулиудын газрыг барилгатай нь дуудлага худалгаар зарлаа. Газар, барилгыг 3 жилийн дараа суллаж өгөх нөхцөлтэйгөөр. Тэр мөнгөөр бүсийн төвүүдэд их сургууль барилаа. Их сургуулиудыг бүсийн төв бүрт шилжүүллээ. Үүнийг дагаад Улаанбаатарын иргэдийн 50% нь нүүнэ. Утаа, түгжрэлийг шийдэх хамгийн гол шийдэл бол энэ гэж би хараад байгаа юм. Танд ямар шийдэл байна вэ?

-Сургуулиуд нь өөрсдөө их эсэргүүцдэг юм байна. Сая ХААИС-д очлоо. Дархан луу нүүлгэнэ гэсэн. Эд нүүх боломжтой. ХХААХҮЯ нь тийшээ нүүчихсэн. “Нүүлгэнэ гэдэг чинь манай сургуулийг маш хэцүү байдалд оруулж байна. Нүүлгэнэ гэсэн жилээс элсэлт цөөрсөн” гэж тэд гомдоллож байна. “Бусад сургуулийг нүүлгэхгүй, манайхыг нүүлгэнэ гэвэл манайх элсэлтээ алдаад дуусна” гэж ярьсан. Тэд айгаад байна. Хүмүүсийн сэтгэл бэлэн биш байна. Яах вэ. Эхний хэдэн жил элсэлт цөөрнө. Төсвөөс татаас өгөөд, эсвэл таны ярьсан шиг байрыг нь зараад, хотхон байгуулж болно. Тэгвэл гоё болно. Тэр хооронд л алдахаасаа айгаад байна.

-Багш хүмүүс бүх мэргэжилтнийг бэлтгэдэг. Хүүхэд багшаас үлгэр дуурайл авна. Математикийн бодлогын хариу номны ард байдаг байсан юм. Би зарим бодлогоо бодож чадахгүй болонгуут өөрөөр бодоод, хариу гаргачихдаг байлаа. Хариу нь номны арын хариутай яг таарна. Багшид тэрийгээ үзүүлэхээр “Аргачлал буруу байна. Буруу бодсон байна” гэдэг байсан. Хожим нь мэдсэн чинь миний зөв байсан. Багш нарыг өөрчлөхийн тулд багш бэлтгэдэг их сургуулиудыг өөрчлөх ёстой юм биш үү?

-Миний багш болсон түүх бол эсрэг. Намайг тоогоо өөр аргаар бодчихоор багш “Сайн байна” гээд журнал дүүрэн 5 тавьдаг байсан. Тэгсээр байгаад намайг математикийн багш болгочихсон.

-Хараад байхад, юмыг хамгийн их эсэргүүцдэг, үгүйсгэдэг хүмүүс багш нар юм аа. Боловсролын тогтолцоог өөрчилье гэвэл МУБИС-ийн багш бэлтгэх тогтолцоог өөрчлөх хэрэгтэй юм байна. Би бол тийм шаардлага байна гэж харж байна. Та яаж харж байна вэ?

-Би наадах руу чинь яваад байгаа. Багш бол хүний багш байх ёстой. Би физикийн багш. Бодлогоо л сайн боддог, хичээлээ л сайн заагаад зогсох биш, хүнээр хүн хийх ёстой. Тиймээс би хүний багш бэлтгэе гээд байгаа юм.

-Хүнээр хүн хийнэ гэдэг чинь асар том ухаан шүү дээ.

-“Z үеийнхэн гэдэг чинь ийм хүүхэд юм байна” гэж судлаад, сэтгэлийг нь өргөх, хичээлд дурлуулах сонирхолтой арга хэрэглэх хэрэгтэй байна. Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар юм шүү дээ. Бамбар бүр өөр. Тэр бүрийг асаах аргаа олох л хэрэгтэй. Тухайлбал: Багш өөрийнхөө мөрөөдлийг ярьж, түүндээ хүрч үзүүлэх хэрэгтэй. Яаж хүрснээ ярьж өгөх хэрэгтэй. Энэ чинь хүүхдэд их үлгэр дуурайл болдог.

Дахиад жишээ авъя. 100 үгтэй цээж бичиг бичүүлье. Одоо бол багш нар “Чи 100-хан үгний 10-ыг нь алдаад байх даа яадаг юм” гэж загнадаг. Алдааг нь түрүүлж хардаг. Юу гэж хэлэх ёстой вэ гэвэл “100 үгний 90-ийг зөв бичсэн байна. 10-ханыг алдсан байна. Энэ 10 үгийг чи зөв бичиж чадна даа. Яг одоо дахиад бичээдэх дээ” гээд бичүүлэхэд хүүхэд 7-8-ыг нь зөв бичнэ шүү. “Чи чадаж л байна. Анхааралтай сонссон бол алдахгүй л байж дээ. Энэ үгийг зөв бичсэн гэж тооцлоо. Энэ алдсан үгээ дараа нь битгий алдаарай” гэхэд л хүүхэд дүрэлздэг.

-Тэгж хэлэхгүй. Тэгж хэлбэл багш өөрөө сурагчаасаа дутуу мэдлэгтэй болчихно. Доор нь орчихно. Тэгж боддог шүү дээ, багш нар.

-Хүний багш тэгж боддоггүй. Хүний багш шавиа өөрөөсөө илүү ихийг сураасай гэж л хүсдэг. Би багш нарт хүний багшийн 6 шинжийг хэлээд, “Танд хэд нь байна вэ? Өөрийгөө шинж” гэдэг. Манай төсөлд хамрагдсан сургуулиудад миний уншдаг лекцийн 1 нь “Хүний багш”. Хүүхдээр хүн хийх тун чухал.

Бид багш нарыг ч хичээлийн цагаар гар утсаар ярихыг хориглодог. Сая Казахстанд очлоо. Сургуулиуд нь бас гар утсаар яриулдаггүй юм байна. Зарим сургууль өглөө хураагаад, орой өгдөг. Зарим нь хичээл эхлэхээр хураагаад, завсарлахаар өгдөг юм байна. Багш нар бас утсаа хураалгадаг юм байна.

-Боловсролын тогтолцоог өөрчлөх амархан юм байна. Тийм үү? Харах өнцгөө л өөрчлөх ёстой юм байна.

-Их амархан. Менежмент гэж ийм л зүйлийг хэлээд байгаа юм. Ингээд ярихаар “Ийм амархан юм байж. Мэддэг л юм байсан байна” гээд дор нь хэрэгжүүлээд байгаа юм. Сургуулиуд амархан өөрчлөгдөөд байгаагийн учир нь тэр л дээ. Манай улс боловсролын удирдах ажилтныг бэлтгэх шаардлагатай байгаа. Сайн багшийг захирал болгож болно л доо. Гэхдээ л хүн удирдана гэдэг арай өөр чадвар, мэдрэмж шаарддаг.

“Шинэ Монгол”-ыг та нар төсөөлж байгаа байх. Тэнд хэрэгжүүлсэн бүх юмаа би эдгээр сургуульд үнэгүй зааж өгч байгаа. Оюуны өмчийн газраас “Шинэ Монгол”-д патент авсан. 3.5 тэрбумаар манай хөтөлбөр үнэлэгдсэн. Манай хөтөлбөрийг авч, хувийн сургууль байгуулъя гэвэл 3.5 тэрбумыг төлнө гэсэн үг. Үүнийгээ үнэгүй зааж байгаа юм.

-“Шинэ Монгол”-ын хөтөлбөрийн үр дүн улсын сургуулиудад хэзээ гарч, яаж хэмжих юм бэ?

-Хүүхдээр нь үр дүн харагддаг. Элсэлтийн шалгалтын дүнгээр үүнийг хэмжихгүй. Өөрийг нь өөртэй нь харьцуулна. Бусадтай харьцуулахгүй. Аймгийн сумдыг хооронд нь харьцуулаад, дунджийг нь гаргаж ирдэг дээ. Улсын дундаж бас гаргадаг. Ингэхгүй. 45 хүүхэдтэй, 20 хүүхэдтэй ангид хичээл заах чинь ялгаатай. Яаж ч багш хичээгээд адилхан болохгүй. Тиймээс тэр багшийн, тэр ангийн, тэр сургуулийн үр дүнг өмнөхтэй нь харьцуулна. Таныг тантай л харьцуулна. Жилийн өмнө ийм байсан, одоо ийм болжээ гээд. Ингээд гаргасан ахицыг нь урамшуулахгүй бол үр дүн дээшлэхгүй. 20 хүүхэдтэй багш ажлаа сайн гэж үнэлүүлээд урамшуулал аваад байхад, 40 хүүхэдтэй багш ажлаа сайжруулсан бол тэтгэлэг өгөх ёстой.

Манай “Шинэ Монгол” сургууль бол дэг журам, соёл, багш нарын хандлагаас өөрчлөлтөө эхэлдэг. Хоцрогдлыг хэдээр багасгав гэдгийг үнэлнэ. Дээд талын амжилтыг биш, хоцрогдлыг үнэлнэ. Улсын сургуулиуд миний хүссэнд арай хүрээгүй байгаа. Гэхдээ л дээшлээд, сайжраад л байгаа. Энэ чинь амжилт. Сургууль бүр өөр өөр.

Энэ жил 120 сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Баян-Өлгийн Ногооннуур луу 1830 км давхиж байна. Зүүн тийш Дорнодын Чулуунхороот руу, урагшаа Өмнөговийн Гурвантэс, хойшоо Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ рүү явж байна. Энэ жил бүсчлээд, төв, говийн бүсийн 60 сургуульд нэмж хэрэгжүүлж байна.

-Үр дүнг хувиар илэрхийлбэл?

-100 гэхгүй. 70 хувь үр дүн гарч байна. Зарим сургууль “Өө, энийг чинь мэднэ. Юуг нь сурдаг юм” гээд татгалзсан. Дараа жил 180 болгоно. 704 сургуульдаа ингэж байгаад менежментээ хүргэчихнэ дэн. Сургууль өөрөө сонгодог юм.

-Оролцохгүй гэсэн сургууль гардаг юм уу?

-Гарна.

-Тэрийг сургуулийн захирал шийдэх үү?

-Тэгнэ. Удирдлагаараа л шийднэ. Гүүгл формоор санал авдаг.

-Уг нь багш нар, эцэг эхчүүд дуртай л байгаа шүү дээ. Тэгтэл хэдхэн хүн өмнөөс нь шийдчихэж байгаа юм уу?

-Бид хүчилж чадахгүй шүү дээ.

-Хоцрогдсоны хариуцлагыг тэр хэдэн хүн хүлээх үү?

-Дараа нь бусад сургуулиа хараад, ухамсраараа ирнэ л дээ. Тэгтэл төсөл хэрэгжүүлээгүй сургуулиас ч ирдэг. Одоо яг над дээр Хөвсгөлийн Тариалангаас захирал нь засаг даргатайгаа ирж байна. “Танай төсөлд ормоор байна” гэсэн. Дараа жил Хөвсгөлд хэрэгжүүлэх юм. Гэтэл одоо ормоор байна гэнэ. Төсөлд орсон 3 сургууль их өөр болсон байна гэнэ ээ.

Элсэлтийн шалгалтад 480 оноо аваад, их, дээд сургуульд ордог. 500 оноотой бол багш мэргэжлээр сурч болдог. Ийм намхан босготой юм чинь муу л багш бэлтгэгдэж байгаа нь илэрхий. Ийм муу хүүхдэд тэтгэлэг өгч, багш болгож эхэллээ. Ядаж 700 оноотой сурагчийг багш болгомоор юм.

-Сургуулийн шилдэг төгсөгчдийг багш болгох хэрэгтэй байгаа юм. Багш мэргэжлээр сурах босго оноог ядаж 600 болгох шаардлагатай. Тэгээд төлбөрөөс нь хөнгөлж болно. 800 оноотой хүүхдийг үнэгүй сургаж, тэтгэлэг өгөх хэрэгтэй. Шилдэг төгсөгчийг багш болгож байж боловсролын чанар сайжирна.

-Одоо манай улс багш нарыг гадаад явуулж сургаад байна. Ингэхээр зардал ихтэй. Гадаадаас багш авчраад сургавал бага зардлаар олон багшаа сургах юм биш үү?

-Япон ерөөсөө тэгсэн. Гадаад руу багш нарыг явуулж сургах биш, гаднаас хэдэн багш авчраад, олон хүн сургадаг. Ерөнхийлөгчид илгээлттэй нь холбогдуулаад би саналаа хэлсэн. “Илгээлтээ багш болох хүүхдүүдэд түлхүү өгөөч” гэж. Илгээлт авсан хүүхдүүдээс энэ жил 8, ирэх жил 95 хүүхэд төгсөх юм байна лээ. Тэд сум, аймагтаа эргэж очиж ажиллана. Сумандаа очоод юу хийх юм бол доо. Багш биш байгаа л даа. Эмч, багш бол болж байна. Багш болох хүүхдэд тэтгэлгээ өгвөл сайн багш нар бэлтгээд авна шүү дээ.

-Та ямар мөрөөдөлтэй хүн бэ?

-Би 30 настайдаа гадаад сурахыг мөрөөдөөд, 32 настайдаа Япон явсан. 35 настайдаа сургууль байгуулахыг мөрөөдсөн. 37 настайдаа биелүүлсэн. 50 настайдаа их, дээд сургууль, коллеж байгуулахыг хүссэн. 51 настайдаа Коосэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 60 нас хүрээд, улсын 60 сургуулийн сургалтын менежментийг өөрчлөхийг мөрөөдсөн. Биелсэн. Одоо 120 сургууль болгоод явж байна. Одоо бол Монголынхоо бүх сургуулийг “Шинэ Монгол” шиг болгохыг мөрөөдөж явна. Би “Шинэ Монгол” гэдэг стандарт бий болгочихлоо шүү дээ. Хувь, улсын сургууль ялгаа байхгүй, өндөр стандарт хангадаг болох ёстой. Мөрөөдөл амархан биелэхгүй. Өглөө бүр ядах нь ээ, 5-8 цагт ажлаа төлөвлөх ёстой. Одоо “Монголын төрийн өмчийн сургуулиудын менежменийг сайжруулах нь” гэдэг сэдвээр Японд докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Хавар хамгаалах ёстой. Амжих нь уу, мэдэхгүй. Би мөрөөдөөд, мөрөөдлөө биелүүлдэг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *