Mpox буюу сармагчны цэцэг өвчний халдварлах чадвар өндөртэй шинэ хувилбар Ирландад бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн үйлчилгээний төв газар мэдэгджээ. Сармагчны цэцэг өвчний вирусийн Clade 1 хэмээх хувилбараар өвчилсөн тэрхүү Ирландын иргэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас саяхан ирээд байсан ажээ.
Ирландын Эрүүл мэндийн үйлчилгээний төв газраас үүнийг тус улс дахь сармагчны цэцэг өвчний шинэ хувилбар туссан анхны өвчтөн гэдгийг мэдэгдэж, тухайн өвчтөн нийслэл Дублин хотын эмнэлэгт тусгайлан эмчилгээ хийлгээж байгаа, иргэд олон нийтэд эрсдэл багатай гэдгийг тодотгожээ.
Мөн өмнө нь цэцэг өвчнөөр өвдөж байсан, эсвэл уг өвчний вакцины хоёр тун хийлгэж байсан хүмүүст дархлаа тогтож, хүндээр өвдөхгүй гэдгийг онцолж, шинэ хувилбарын халдварын эсрэг бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг мэдэгдсэн байна. Өнгөрсөн зун сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан ДЭМБ-аас олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж байсан юм.
Уг өвчин нь өвчтэй хүнтэй хүртэлцэх, үнсэх, тэврэх, бэлгийн харьцаанд орох зэргээс гадна ойроос ярилцах, амьсгалах гэх мэт агаар дуслын замаар халдварладаг. Түүнчлэн өвчтэй хүний хэрэглэсэн ор дэр, алчуур, хувцас зэргээр дамжин халдварладаг бөгөөд анхандаа халуурах, найтаах зэрэг томуутай төстэй шинж тэмдгүүд илэрч, удалгүй арьсан дээр тууралт гарч, яр шарх үүсэж эхэлдэг байна. Тэсвэрлэхийн аргагүй загатнаж, өвддөг, дотроо шингэн идээ бүхий тэрхүү яр нь нүүрнээс эхлэн бүх биеэр туурдаг ажээ.
Ихэнх тохиолдолд халдвар 14-21 хоногийн хугацаанд үргэлжилж, биеэр туурсан яр шарх удалгүй тав болон эдгэдэг. Гэхдээ хүндэрсэн тохиолдолд бага насны хүүхэд гэх зэрэг эрсдэлтэй бүлгийнхний амь насанд ч аюултай. Үүний халдварыг авсан 100 хүн тутмын 4 нь нас бардаг гэсэн дундаж тоо байдаг.
Сармагчны цэцэг өвчний хүнд хэлбэрийн Clade 1, арай хөнгөн Clade 2 гэсэн хоёр хувилбар байдаг. Үүний хүнд хэлбэрийг туссан анхны хүн Ирландад ийнхүү бүртгэгдээд байна. Харин тус улсад хөнгөн хэлбэрийн Clade 2 хувилбарыг туссан 227 хүн 2022 онд, 13 хүн 2023 онд, 25 хүн 2024 онд бүртгэгдэж байсан бол 2025 он гарсаар одоогоор 8 хүн бүртгэгдээд байгаа юм байна.
Сармагчны цэцэг өвчний халдвар тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцин юм. Хүнд хэлбэрийн Clade 1 хувилбарын тархалт 2023 оноос хойш зүүн болон төв Африкийн бүс нутгаар хурдацтай тархсаар байгаад эксперт, мэргэжилтнүүд онцгойлон анхаарлаа хандуулж, сармагчны цэцэг өвчин дэгдсэн нутгуудад халдвар тархалтыг тогтоон, хяналтанд оруулахад нь туслах зорилгоор олон сая тун вакциныг илгээгээд байгаа билээ.
Одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчний Clade 1 хувилбар хүнд халдсан тохиолдол Швед, Герман, Энэтхэг, Тайланд, Канад болон АНУ-д бүртгэгдээд байна. Ирландад илэрсэн анхны өвчтөнтэй холбогдуулан энэ долоо хоногийн мягмар гарагт Англид 12 байршилд вакцинжуулалтын шинэ төвүүдийг нээгээд байна.