Засгийн газраас нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлж, үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 160 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. Үүний үр дүнд улсын хэмжээнд 220 цэцэрлэг, ерөнхий боловсролын 333 сургууль, 245 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 294 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж байгаа аж.
Энэ оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар 3 тэрбум 235 сая 250 мянган төгрөгөөр жорлонгийн зураг, төсөв хийлгэжээ. Жорлон бариулахад 97 тэрбум 122 сая 960 мянган төгрөг олгосон байна. Үүнийг зураг төсвийн зардалтай нийлүүлбэл, нийт 100 тэрбум 358 сая 210 мянган төгрөг одоогоор жорлонд зарцуулаад байна.
2025.02.04-ний байдлаар:
- 181 сумын 510 жорлонг байнгын ашиглалтад оруулахаар комисс ажилласан;
- 11 сумын 27 жорлонг комисст шалгуулахад бэлэн болсон ;
- 88 сумын 223 жорлонг барьж буй;
- 4 сумын 10 жорлонг бариулах тендер зарласан
- 4 аймгийн 10 сумын 26 жорлонг бариулах гэрээ цуцлагджээ.
Шинээр байгуулж буй ариун цэврийн байгууламжийг зүй зохистой хэрэглэх талаар сурагчдад сургалт зохион байгуулах, цэвэрлэгээг сайжруулах, үйлчлэгчийн орон тоог нэмэх, цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээний зардлыг нэмэх шаардлагатай байгаа аж. Мөн сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох, “Шинэ сум” төслийн хүрээнд татаж буй цэвэр, бохир усны төв шугамыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарахыг Боловсролын ерөнхий газар холбогдох байгууллагуудад уламжилжээ.