Явган цэргийн ангиас контент бүтээгч болсон нь


Монголд шинжлэх ухааны салбар орхигдсон гэхэд буруудахгүй. Үүнтэй ч холбоотой олон нийт буруу, ташаа мэдээлэлд хэт их автаж, өөрийн итгэл үнэмшилгүй бусдын үгийг даган дуурайдаг хэсэг бүлэг хүмүүс бий болсон нь үнэн. Тэгвэл хэвлэл мэдээлэл, боловсролын салбарт шинэ өнгө төрх, гэрэл гэгээ авчрахыг зорьж буй контент бүтээгч А.Доржпаламыг Time.mn онцолж байна. Түүнийг “gej yu ve?” контентоор нь хүмүүс ихэвчлэн мэдэх ч өөр нэг том зорилго тээж явсныг түүний ойрын хүрээллээс өөр хэн ч мэдэхгүй юм. Тэрээр Монгол Улсаа яавал илүү сайхан хөгжүүлж, өөр болгох вэ гэдэгт оюун ухаанаа зориулж яваа залуу юм. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу? таныг бид бүгд шинжлэх ухаан танин мэдэхүйн контент бүтээгчээр сайн мэднэ. Гэхдээ хоёулаа хувь А.Доржпалам гэж хэн бэ гэдгээс яриагаа эхэлье.

За сайн байцгаана уу? Намайг А.Доржпалам гэдэг. 26 настай. “Тэнгэр” телевизийн нэвтрүүлгийн албанд ажилладаг. “gej yu ve?” сувгаар шинжлэх ухааны контент хийдэг. Би 12 настайгаасаа буюу долоодугаар ангиасаа БХЯ-ны харьяа “Тэмүүжин-Өрлөг” цэргийн сургуульд элсэн орж цэргийн мэргэжлээр суралцаж байсан. Тэндээсээ 9-р ангиасаа Турк улсын цэргийн ахлах сургууль руу шилжиж, 2 жил суралцсан. Тэр үед Туркт бослого гарч, сургууль маань хаагдсан тул буцан ирж, “Тэмүүжин-Өрлөг”-дөө сурч, 12-р ангиа төгссөн. Дараа нь буцаад Туркийн Цэргийн хуурай замын их сургуульд очиж суралцаад, 2021 онд төгссөн. Ер нь миний амьдралын тал нь цэргийн замналаар өнгөрсөн. Нийт 10 жил цэргийн сургуульд сурсан. Энэ сургууль цэргийн мэргэжил, энгийн мэргэжил гэсэн хоёр мэргэжлээр төгсгөдөг. Энгийн мэргэжил нь олон улсын харилцаа байсан. Цэргийн мэргэжлийг нь Монголд ерөнхий цэрэг гэдэг. Явган цэргийн команд гэдэг мэргэжлээр төгссөн. Төгсөөд шууд хүрч ирсэн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Хэвлэл мэдээллийн салбар луу орсон.

-Гадаадад байхдаа “Gej yu ve? youtube сувгаараа контент бүтээж байсан байх нь.

Тийм. Их сургуульд байхдаа хоёрдугаар курсээсээ “Youtube” суваг нээж, контент хийж эхэлсэн. Тэр нь голцуу байгалийн шинжлэх ухааны төрлийн контент байсан. Яваандаа их сургуулийн 2-3-р курсээсээ байгалийн шинжлэх ухааныг илүү сонирхоод, “Энэ чиглэлээр контент бүтээх ёстой юм байна. Магадгүй энэ нь улс эх оронд маань хэрэгтэй юм байна” гэж мэргэжлээ сольж байсан. Одоо “Тэнгэр” телевизэд ажиллаад гурван жил, “Gej yu ve? youtube сувгаа нээгээд таван жил болж байна.

-Таныг ер нь цэргийн хүн гэж хэлж болохоор юм байна шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаагүй шалтгаан нь яг юу юм бэ? Зөвхөн контент бүтээх юм уу. Эсвэл өөр шалтгаан байсан уу?

Яах вэ. Монголд бол би сургуульдаа нэлээд онц сурдаг байсан. Хамгийн онц сурдаг нь байсан, ангидаа. Тэгээд гадаадын их сургууль руу явах эрхтэй болсон. Би Туркт очоод, боловсролын ялгааг нь анзаарсан. Нөгөө талаасаа цэргийн сургуулиар явсан гэдэг шугамаар “Монгол Улс яавал хөгжих юм” гэдэг асуулт үргэлж байсан. Миний сурч байсан Туркийн ахлах сургууль нь ч гэсэн Ататуркийн школтой сургууль байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдгийг эрж хайдаг, тэрийг хамгаалах боловсон хүчнийг бэлтгэдэг тусгай сургууль байсан гэсэн үг. Би тэрийг нь “Монгол Улсад ирээд хэрэгжүүлж үзье. Бас цэргийн тангараг өргөсөн хүн яавал Монгол Улс хөгжих юм. Яагаад одоо болтол хөгжихгүй байгаа юм” гэдэг асуултыг байнга асууж байгаад, тэр нь яваандаа шинжлэх ухаан, боловсрол болж хувираад, “Бидэнд яг одоо дутагдаад байгаа зүйл энэ юм байна” гэдэг хариулт олоод, “Энэ чиглэлээр хүмүүс юу хийж байна. Би юу хийж болох вэ” гэж бодсон. Миний урд маш том оршихуйн хоёр зам байсан. Цэргийн мэргэжлээрээ үргэлжлүүлэх ёстой юу, эсвэл арай өөр шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр юм хийх ёстой юу гэдэг сонголт байсан. Тэгээд Монголд хүрч ирээд, мэргэжлээрээ ажиллах гэж үзсэн. Би бол Туркийн цэргийн сургуулийг хуучны хэллэгээр улаан дипломтой буюу нэлээд өндөр үнэлгээтэй төгсөж ирсэн. Олон улсын, гадаад харилцааны чиглэлээр ажиллах боломж байсан. Тэгээд хүрч ирэхэд намайг хүлээж авсан хүн “Танай аав чинь хэн билээ” гэж асуусан. Би “Та манай аавыг танихгүй байх аа. Цэргийн чиглэлийн хүн биш” гээд хэлсэн. Эндээс юу ажиглагдаж байна вэ гэхээр энэ бол бүх салбарт л байгаа л даа. Цэргийн салбар ч гэсэн арын хаалганы гэх юм уу, тийм асуудал хэцүү түвшинд оччихсон. Буруу зүйл, зөв зүйл гэж юмнуудаа ялгах хүмүүсийн харьцаа хэтэрхий бага байсан. “Одоо би мэргэжлээрээ армид ажиллаад, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулъя, эх орныхоо төлөө зүтгэе гэвэл үр дүн гаргах боломж маш бага юм байна” гэдэг дүгнэлтийг тухайн үед өөртөө хийсэн. Төгсөж ирэхээсээ өмнө ч гэсэн “Би ер нь энэ системд ингэж ажиллавал хэцүү юм байна даа” гэдэг дүгнэлт хийчихсэн байсан л даа.

Контент бүтээж эхэлсэн шалтгаан маань ч гэсэн үүнтэй холбоотой. Тэгээд тийм асуудлаас цэргийн мэргэжлээрээ үргэлжлүүлээгүй. Өргөдлөө өгөөд, өөрийн хүсэлтээр гарч байсан. Тэгэхэд гэр бүл, манай дарга нар, дийлэнх хүмүүс “Хайран сайхан 10 жил. Хайран сайхан карьер” гэх зэргээр сөргөөр хүлээж авсан. Гэхдээ би яг өөртөө юу хэлсэн бэ гэхээр “Шинжлэх ухааны контент бүтээх, бодож байгаа юмнуудаа хэрэгжүүлэх нь эх орондоо илүү хувь нэмэртэй, үр дүнтэй зам юм байна” гэж шийдээд, энэ чиглэлээр ажиллахаар шийдсэн.

-Боловсролын ялгааг очоод мэдэрсэн гэж та хэлж байна. Монголын боловсрол Туркийн боловсролоос юугаараа ялгаатай байна вэ. Хэр зөрүүтэй байна?

Жишээ нь: Би өөрийгөө бүх юмыг нь ойлгочихсон гэж бодоод очингуут, тэнд зааж байгаа хичээл, ойлголт ухагдахуун шал өөр түвшнийх байсан. Би яг үнэндээ зүгээр л цээжилж байсан “нөхөр” байж таарсан. Зүгээр цээжлээд, шалгалтаа сайн өгдөг. Манай боловсролын чанарын ялгаа түүн дээр гарч ирсэн. Боловсрол гэдэг чинь шинжлэх ухааныг заах систем шүү дээ. Би тэрийг ойлгоогүй байж таарсан. Тэгээд би жинхэнэ ухагдахуунуудыг тэнд дахиж, шинээр ойлгосон. Тэгэхээр манай 10 жилийн боловсролын систем маш чанаргүй юм байна. Маш буруу замаар заадаг юм байна гэж дүгнэсэн. Бүх л хичээл агуулгын хувьд ч, заах аргын хувьд ч ялгаатай байж таарсан. Би чинь нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшиж байгаа ч байгалийн шинжлэх ухааныг танин мэдээд, шооконд орж байгаа юм чинь. “Ийм гайхалтай мэдлэгийг бидэнд ямар өрөвдөлтэй заадаг байсан юм бэ” гэж харууссан.

Генерал болох мөрөөдлөө орхисон нь

-Ер нь цэргийн мэргэжил, цэргийн салбарыг их хүсэж мөрөөдсөн юм шиг санагдлаа. Багаасаа цэргийн ангийг сонгоод, гадагшаа явж сурчээ. 10 жил гэдэг бол бага хугацаа биш шүү дээ. Өнгөрсөн хугацаанд таны зорилго юу байсан бэ?

12 настайгаасаа гэдэг чинь Дэлхий ертөнцийн тухай ойлголтгүй байгаа шүү дээ. Манай сургуулийн сургалтын чанар маш сайн. Бидэнд эх оронч үзлийг вакцинжуулдаг тийм үзэл суртал суулгадаг сургууль байсан. Би бол “Генерал болно. Улс орныхоо төлөө хийж чадах юмнуудаа хийнэ” гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэгээд Туркт очоод “Ямар хүн генерал болоод байна. Яг юу хийгээд байна. Өнөөдөр манай арми, зэвсэгт хүчин, офицерууд ажиллах ёстой зарчмаараа үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж байна уу” гэдэг асуултуудын хариулт дандаа сөрөг гарч байсан. Нэгэнт ийм систем дээр амьдралынхаа 20 жилийг зарцуулах хэрэг байна уу. Зарцууллаа гэж бодоход, би яг тэр өөрчлөлтийг хийж чадах уу? Бусад хүнийг харахад найдвар бага байсан. Өөрчилье гэсэн сэтгэлгээтэй хүмүүс цөөн. Тэгэхээр нэг бол би тэр хайрцагт орно. Нэг бол гарах л хоёр сонголт байсан. Тэгээд би гарахыг нь сонгосон.

-Маш том зориг, чухал шийдвэр гаргаж, нөгөө хаалгыг татсан байна. Одоо ажиллаж байгаа салбар нь ямар байна? Ялангуяа шинжлэх ухаан, танин мэдэхүй тал дээр.

Одоо би хэвлэл мэдээллийн салбарт олон нийтийн боловсролд чиглэсэн, байгалийн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг олгох, арай өөр өнцгөөс асуудлыг харах контентууд бүтээж байгаа. Шинжлэх ухааны контент хийх их хэцүү. Бодит, зөв мэдээлэл, ойлголт өгөхийн тулд өөрөө маш сайн судлах хэрэгтэй болно. Эрдэмтэдтэй хамтарч ажиллана. Тэр тал дээр манай эрдэмтэд нааштай ханддагт нь баярладаг. Бүх эрдэмтэд тийм биш л дээ. Ер нь манай эрдэмтэд завгүй, хэтэрхий даруухан учраас олон нийт рүү чиглэсэн юм хийх боломж, бололцоо бага байдаг. Уг нь энэ бол яг эрдэмтдийн хийх ёстой нэг ажил болов уу гэж боддог. Гэхдээ яалт ч үгүй зав чөлөө, контент бүтээх тал дээр бага зэрэг дутмаг байгаа юм шиг санагддаг. Эргээд хэвлэл мэдээллийн салбарынхан шинжлэх ухааныг ойлгох харилцаа холбоо дутмаг байгаа учраас хоёр талтай байгаа. Тэр дунд нь би холбогч гүүр болж л ажиллаж байгаа.

-Худал мэдээлэлд ул суурьгүй хандаж, даган дуурайж итгэж буй хүмүүсийг хараад, “Яагаад ийм зүйлд итгээд байгаа юм бол. Энэ чинь худлаа шүү дээ” гэж бодогдох, бухимдах үе байдаг уу?

Харамсах, уур хүрэх, “Арай ч дээ” гэж бодогдох үе гарч ирдэг. Гэхдээ уужуу амьсгаа аваад харахаар мэдэхгүй байгаа хүмүүсийн буруу биш байгаа юм. Тэр хүн үнэхээр мэдэхгүй байгаа болоод, хачирхалтай үзэл санаанд итгэж, үнэмшиж байгаа бол тэр буруу биш. Тэр хүмүүст илүү мэдүүлэх ёстой. Нөгөө талын өнцгийг санал болгох ёстой. Тэр тал дээр л ажиллах ёстой гэж боддог. Ажлаа хийх урам зоригийг хэт буруу итгэл үнэмшилд автсан хүмүүс бас өгдөг.

-Сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааныг сонирхдог хүн байхгүй боллоо. Суралцах хүүхэдгүй боллоо гээд яригддаг шүү дээ. Энэ тухай ямар бодолтой байдаг вэ?

Багш нар яаж бэлтгэгдэж байгаа билээ. Сургалтын хөтөлбөр яаж бэлтгэгдэж байгаа билээ. Тэр нь хүүхдүүдэд яаж хүрч байгаа билээ. Дийлэнх нь байгалийн шинжлэх ухааныг ойлгохгүй, ойлгохгүй учраас тэрийг одоо таашаахгүй, халшрах үзэгдэл ажиглагддаг. Илүү амар хялбарыг сонгоё гээд нийгмийн шинжлэх ухааныг сонгож байна. Энэ нь боловсон хүчний бас нэг асуудал болчхоод байна. Тэгэхээр багш нарын л чанар байна л даа. Энэ боловсролын салбарын том л асуудал.

-Ер нь шинжлэх ухаанд итгэх нь зөв. Шинжлэх ухааны ойлголттой болж, илүү шинжлэх ухаанчаар хандаж байж энэ нийгэм өөрчлөгдөнө. Одоо нийгмийн хэдэн хувь нь асуудалд арай шинжлэх ухаанчаар хандаж байгаа бол?

Миний итгэн үнэмшдэг ганц зүйл тэр л байна. Илүү олон хүн шинжлэх ухаанч хандлагатай, илүү олон хүн шинжлэх ухааныг ойлгодог, чухал гэдгийг нь ядаж мэддэг. Тийм болж байж л манай нийгэм, улс орон хөгжинө. Итгэл үнэмшил гэхээсээ илүү бодит байдал л даа. Бусад улсын хувьд ч гэсэн илүү шинжлэх ухаанч учраас хөгжиж байгаа. Шинжлэх ухаанч гэдэг нь заавал инженер, хими, физикч болно гэсэн үг биш. Шинжлэх ухаанч хандлага гэдэг нь аль нь илүү үнэн, аль нь илүү асуудалтай вэ гэдгийг л ялгаж салгах л арга хэрэгсэл. Тэр арга хэрэгсэл, суурь зарчмуудыг ойлгоход заавал нэг шинэ төрлийн материал бүтээхдээ биш, өдөр тутмын амьдралдаа ч юм уу, шийдвэр гаргахдаа үндэслэлийг нь боддог, цаад ул суурийг нь боддог байх л чухал. Байгалийн ерөнхий хуулиуд гэж байгаа. Хэзээ ч Нар баруунаас мандахгүй гэдэг шиг ийм байгалийн суурь зарчмуудыг ядаж мэдээд, логиктойгоор шийдвэрээ гаргадаг хүмүүс олширч байж, олон асуудал шийдэгдэнэ гэж итгэж байна.

Одоо манай төр, засгийн удирдлагууд эрдэмтдийн үгийг сонсдог гэж боддог уу. Гаргаж байгаа шийдвэрүүд нь шинжлэх ухаанч байж чаддаг уу. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Зарим нэг нь шинжлэх ухааныг зөвхөн дээд зэргийн бүтээгдэхүүн юм шиг, яг энийг өөрсдөө л ашиглах юм шиг харамлах маягаар эрдэмтдийг ашигладаг, шинжлэх ухааны мэдлэгийг өмчилдөг. Энэ нь зөвхөн монголчуудын хувьд ч биш бусад хүн төрөлхтний хувьд ч байсан. “Шинжлэх ухаан бол олон нийтэд нэг их хэрэг байхгүй. Угаасаа ойлгохгүй. Хэдүүлээ л эндээ ашиглая. Хэдүүлээ л хоорондоо юмнуудаа ярилцчихъя” гэдэг. Тийм байж болохгүй. Энийг хүмүүст илүү нээлттэй, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Тэр талаасаа манай шинжлэх ухааны байгууллагуудыг илүү хөгжүүлж, нээлттэй болгож, төрөөс хараат бус ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Эрдэмтдийнхээ үгийг сонсдог хэсэг ч бий, сонсдоггүй хэсэг ч бий. Гэхдээ сонсож байгаа эрдэмтэд нь эрдэмтдийн нийгэмлэгтээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс мөн үү, биш үү. Ардчилсан тогтолцоогоор явж байгаа юу гэдэг асуудал Монголд байгаа.

Төрөөс шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгө асар бага байгаа нь үнэн. Тэрнийхээ үр дүн, үйл лайг эдэлж байгаа нь бас үнэн. Гэхдээ мөнгийг нь нэмлээ гээд манай шинжлэх ухааны байгууллага хүлээж авахад бэлэн үү? Бас л яг ижилхэн дундуур нь цавчаад л алга болоод, ямар ч үр дүнгүй төслүүд хэрэгжчих вий гэдэг асуудал байж болно. Тэрийг менежментийг нь зөв хийж, өрсөлдөөнтэй, хараат бус, чөлөөт байдлаар явуулахгүй бол хэцүү. Аль аль талдаа л асуудал байгаа санагддаг.

Мэдлэгийн луйврын бизнес цэцэглэсэн

-Аура оношилгоо, генетик тест гэх нэрээр хүмүүсийн амьдралын хувь заяаг үздэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ шинжлэх ухаантай хэр нийцэх вэ?

Олон нийтийн суурь ойлголт дутуу байгаагаас эрдэмтдийн дуу хоолой хүчтэй хүмүүст хүрэхгүй байгаагаас болоод ийм харанхуй бизнесүүд буюу шинэчлэх ухааны юм шиг, бодит үнэн юм шиг харагдуулдаг, мэдлэгийн луйвар маягийн бизнесүүд аягүй их цэцэглэдэг. Гэхдээ яг үнэндээ цаанаа тийм биш. Жишээ нь: Зурхай, дом, үзмэр орчин үед бол аура оношилгоо, хурууны хээгээр генетик мэдээллийг нь гаргах, квант физик гэх мэт. Манай Монголд бүр илүү хүчтэй байна. Нэг талаараа итгэл үнэмшил ч гэсэн нөгөө талаараа санаандгүй байдлаар, шууд бус байдлаар өөрийнх нь шийдвэр гаргалтад нөлөөлж, тэр жижиг юмнууд нь хуримтлагдаад ирэхээрээ яг макро нийгэмдээ нэлээн асуудал үүсгэдэг. Тэгэхээр эд нарыг өөгшүүлж болохгүй. Дуугарах ёстой хүмүүс нь дуугараад, няцаах ёстой. Сүүлдээ бүр итгэхээ байх хэмжээний болтлоо тархи нь угаагдах түвшинд оччихдог юм байна.

Хамгийн том жишээ бол ураны тухай асуудал байна. Ураны тухай захиалгатайгаар худал мэдээлэл тараадаг хэсэг бүлэг байгаа юм. Гэтэл тэрэнд автаж байгаа хүмүүсийн тоо хэд байна. Үндэслэлтэй, шинжлэх ухааны мэдээлэл хийхээр түүнд итгэж байгаа хүмүүсийн тоо хэд байна гэдгээс л бид өөрсдийнхөө түвшнийг харах хэрэгтэй. Өнөөдөр бидний хамгийн том асуудал уран олборлох тухай байгаа нь бас жаахан харамсалтай. Бусад улс уран олборлох тухай ингэж хэрэлдэггүй л байх. Тэд чинь одоо устөрөгчийн атомуудыг нэгтгээд, Нарны цөмийн урвалыг Дэлхий дээр хийх гээд туршиж байна. Бид энд ийм хэрүүл хийгээд байгаа нь бидний түвшнийг л харуулж байгаа юм. Тэгэхээр асуудал бидэнд байгаа. Олон талаас нь хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Буруу мэдээлэлд автсаар байгаад ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь энэ дээр л харагдаж байна. Бид шинжлэх ухааны бүтээн байгуулалт хийе гэхэд тэрийг хүмүүс ойлгохгүй байвал, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлье гэхэд “Юун хэрэггүй юманд мөнгөө үрээд байгаа юм бэ” гэх олон нийт гараад ирэх юм бол, бид чинь олон нийтийнхээ саналаар асуудлаа шийддэг тогтолцоотой улс учраас, энэ бол бас нэг томоохон асуудал л байх.

Ураны асуудлаар иргэдэд хангалттай суурь мэдлэгийг системтэйгээр хүргэж чадаагүй. Олон сувгаар, олон эрдэмтэд гарч ирж, маш олон талаас нь энийг тайлбарлах ёстой байсан. Тэгж байж дараа нь шийдвэрээ гаргах ёстой байтал шууд шийдвэрээ гаргасан. Тэрийг ойлгохгүй хүмүүсийг “Та нар ураныг эсэргүүцэж байгаа бол эх орноосоо урваж байгаа. Та нар энийг ойлгохгүй” гэх мэтчилэн хэтэрхий хүчиндсэн байдлаар явчхав уу даа л гэж хараад байна. Яг ураны тухай шинжлэх ухаан талаас нь тайлбарласан суваг олон байгаагүй. Энийг сайн дураараа хийж байгаа хүмүүс ч аягүй цөөхөн байсан. Тэгэхээр манай нийгмийн бас нэг асуудал энэ байна.

Япон улс дээр жишээ авахад, тэдний хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг загасыг нь агнахыг хориглох тухай шийдвэр гаргах шаардлагатай болсон юм байна. Тэгэхэд Япон улс тэрийг бүр 6 сарын өмнөөс ч бил үү нэлээн эртнээс далай судалдаг хүмүүс нь, бизнес эрхлэгчид нь, хүнсний салбарынхан нь бүгд олон талаас нь ярьж, тайлбарлаж, сонин сэтгүүлүүдээр ярьж байж олон нийт нь “Энэ үнэхээр асуудалтай болчихсон юм байна. Үүн дээр бид ингэж хандахгүй бол болохгүй юм байна” гэдгээ ойлгосныхоо дараа улстөрчид нь гарч ирээд шийдвэрээ зарлахад, олон нийт нь тэрийг ойлгож хүлээж авч байгаа юм.

-Шинээр нээж буй вэб сайтынхаа тухай яривал?

Манай суваг өнгөрсөн онд хагас жил контент хийгээгүй. Хоёр том ажил хийсэн. Нэг нь “Космосс” гэдэг номыг орчуулсан. Энэ 1980 оны, 45 жилийн өмнөх ном. Энэ дээр ертөнцийн үүслээс эхлээд хүн төрөлхтөн яаж Дэлхий бөөрөнхий гэдгийг мэдсэн юм, яаж дундаж зууны үед байгалийн философи нь шинжлэх ухааны болтлоо хөгжсөн юм, тэр дунд ямар ямар асуудлууд өрнөсөн юм гэдгийг аягүй ойлгомжтой тайлбарласан. Энэ гайхалтай мэдээллээс 45 жил бид хоцорсон нь харамсалтай. Бид 200 орчим контент хийсэн байлаа гэхэд энэ номын талд нь ч хүрэхгүй тийм их агуулга байгаад байгаа юм. Бид нарын 5 жил хийсэн контентуудаас ч илүү контент энэ дотор байгаа гэсэн үг. Зөвлөхөд, аль ч насны хүн энэ номыг аваад уншчихвал нэлээн ойлголттой болж, танин мэдэх хүсэл төрөх байх гэж бодоод энэ номыг орчуулсан. Яагаад бас 45 жилийн турш орчуулагдаагүй вэ гэхээр бас хэцүү. Бид олуулаа багаараа ажиллаж байж ард нь гарсан.

Хоёр дахь ажил маань юу вэ гэвэл бид нар gejyuve.com гэсэн вэб сайт хийж байгаа. Шинжлэх ухаан сонирхдог хүмүүсийн фэйсбүүк медиум маягийн платформ. “Гэж юу вэ” гэнгүүт зөвхөн би л гараад байдаг шүү дээ. Тэгэхээр хүмүүс зөвхөн намайг л байдаг юм шиг ойлгодог. Гэтэл энэ шинжлэх ухааныг олон нийтэд таниулъя, тайлбарлая гэсэн маш олон хүн байдаг. Тэр хүмүүсийн контентуудыг харах боломжтой. Магадгүй та өөрөө ч гэсэн шинжлэх ухаантай холбоотой нэг юм олж мэдсэн бол тэрийгээ ч ашигласан материал, эх сурвалжтай нь дурдаад, контент бүтээх боломжтой болж байгаа. Ийм платформыг бид өнгөрсөн жилийн хугацаанд бүтээсэн.

-Энэ номыг орчуулахад хэр хугацаа орсон бэ?

Ер нь хагас жил гэж төлөвлөж ч нэг жил болсон.

Дараагийн зорилго, мөрөөдөл юу байна вэ?

Том болчихсон учраас том мөрөөдөл гэж хэлэх бас хэцүү л байдаг юм байна. Жаахан байхад бол тийм юм болноо гээд л амархан хэлчихдэг байсан. Би бол боловсролын салбартаа л илүү олон юм хийж бүтээмээр байгаа. Зөвхөн контент гэхээсээ илүү өөр ямар арга барил ашиглаад, ямар ажил хийж байж олон нийтийн боловсролыг сайн болгох уу, энэ чиглэлийн медиаг яаж хөгжүүлэх үү, бүр цаашилбал боловсролын системд ямар хувь нэмрээ оруулж болохоор байна гэдэг чиглэлрүү л одоо ажиллая. Өөрөө бас үргэлжлүүлж суръя гэж бодож байгаа. Бидний хийж байгаа вэб платформ бол бас технологийн бүтээгдэхүүн. Тэгэхээр үүнийгээ яаж бүтээмжтэй ажиллуулах вэ. Бизнес тал руугаа ийм хоёр чиглэлээр одоо ажиллана.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. Баяртай

,

3 responses to “Явган цэргийн ангиас контент бүтээгч болсон нь”

  1. боловсрол сургалтын салбар “хайрцагтай хог” болсон гэдэг нь үнэн шүү, багш нарыг өөрчлөхөөс өөр зам үгүй, гэхдээ багш нарын сэтгэлгээ, арга барилыг өөрчлөхөд 3 жил л зарцуулна, зөв аргааар өөрчилвөл үүнээс ч бага хугацаа орно

  2. Сайхан ярилцлага болжээ.Залуус маань чадвартай болж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна.Амжилт хүсье

  3. Тиймээ, Боловсролын салбар адагт орсон. Яаралтай өөрчлөх хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *