Америкийн импортод ногдуулсан Хятадын тарифын нэмэгдэл хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ


БНХАУ-ын зүгээс хариу арга хэмжээ болгон Америкийн импортод ногдуулж буй нэмэлт тариф даваа гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Хятадын импортод 10%-ийн нэмэлт тариф ногдуулах зарлигт гарын үсэг зурсны хариуд БНХАУ Америкийн тодорхой төрлийн импортод 10-15% тариф нэмэхээр зарласан юм.

Тодруулбал, Бээжингийн зүгээс Америкийн нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн имдортод 15%, түүхий газрын тос, ХАА-н машин механизм болохүтчэй том хөдөлгүүртэй автомашины импортод 10%-ийн тариф нэмэхээр болсон.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид зах зээлийн өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудлаар Америкийн Google компанийг шалгах ажлыг эхлүүлж, Calvin Klein, Tommy Hilfiger зэрэг брэндүүдийг эзэмшдэг PVH компанийг Бээжингийн “найдваргүй аж ахуй нэгжүүд”-ийн жагсаалтад багтаан оруулж, экспортод гаргадаг 25 төрлийн газрын ховор элементийн экспортод хяналт тавих арга хэмжээг аваад байгаа билээ.

Өмнө нь Хятадын импортод ногдуулсан нэмэлт тариф хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдөр Хятадын тал хариу арга хэмжээ авахаа зарласан бол энэ удаад Америкийн импортод ногдуулсан Хятадын нэмэлт тариф үйлчилж эхлэхээс нэг хоногийн өмнө буюу ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп АНУ-д гаднаас орж ирж буй бүх ган болон хөнгөн цагааны импортод 25%-ийн нэмэлт тариф ногдуулах талаараа хэлж, даваа гарагт албан ёсны мэдэгдэл хийх болно гэсэн юм.

Мөн тэрээр өөр бусад улс орнуудад ч импортын тарифын нэмэгдэл ногдуулахаар төлөвлөж байгаа талаараа ням гарагт мэдэгдсэн. Ойрын өдрүүдэд зарлах шинэ тарифын нэмэгдлийг аль улс орнуудад ногдуулах нь одоогоор тодорхойгүй байна. Д.Трамп Америкийн автомашины импортод ногдуулж буй ЕХ-ны тариф өндөр байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан тул энэ удаад түүнийг ЕХ-ны эсрэг хариу арга хэмжээ авч магадгүй гэдгийг ажиглагчид хэлж байна.

Харин өнөөдрөөс эхлээд байгаа Хятадын Америкийн импортод тавьсан тарифын нэмэгдлийн улмаас дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний хооронд дахин худалдааны эхэлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *