Говь-Алтайн сургуулийн 1 багшид 15 сурагч ноогдож байна


Говь-Алтай аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 62 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 16502 суралцагч суралцаж, 1073 багш, 1203 ажилтан ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 28 хүүхэд ногдож, хамран сургалт 87,8% байгаа бол сургуулийн нэг багшид 15 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 96,2%, суурь боловсролын хамран сургалт 91,4%-тай байна.

Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр цэцэрлэгийн 1 дүгээр түвшинд 3 багш, 2 дугаар түвшинд 13 багш, 3 дугаар түвшинд 6 багш, 4 дүгээр түвшинд 35 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Сургуулийн 1 дүгээр түвшинд 13 багш, 2 дугаар түвшинд 150 багш, 3 дугаар түвшинд 135 багш, 4 дүгээр түвшинд 115 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийг тасралтгүй хөгжүүлэхэд 259,9 сая төгрөг, хичээл практикийн зардалд 348,9 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардалд 85,8 сая төгрөг, цахим хэрэглээний зардалд 634,7 сая төгрөг, хүүхэд хамгаалахад 86,4 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтад 57,5 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхэд 298,4 сая төгрөг баталжээ.

Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 38,9 сая төгрөг, хичээл практикийн зардал 167,7 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 38,9 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 94,1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 58,0 сая төгрөг тус тус батлагдсан байна.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 78 багш, 3-11 дүгээр ангийн 3891 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдын идэвх 90%-тай байна.

Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 14 нь буюу 50% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 9 нь буюу 29,3% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 85,7%-д нийгмийн ажилтан, 39,2%-д сэтгэлзүйч, 14,2%-д нь хоолзүйч ажиллаж байна.

Боловсролын салбарт 48,461.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 9,840.1 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 15 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 4 сургууль, 4 цэцэрлэг, 4 дотуур байр, 1 спорт заал барьж байна.

Ариун цэврийн байгууламжийн төсөлд 21 сумын 15 цэцэрлэг, ерөнхий боловсролын 20 сургууль, 9 дотуур байрын 44 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 8 объект ашиглалтад орж 36 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *