Израилын цэргүүд Газын зурвасын Нетзарим хонгилыг орхин гарлаа


Израилын цэргүүдийн хяналтанд байсан, Газын зурвасыг өмнөд, хойд нутгийг дундуур нь заагласан Нетзарим хонгилоос Израил улс цэргүүдээ татжээ.

Израил-Хамасын хооронд өнгөрсөн сарын 19-ний өдөр байгуулсан гал зогсоох тохиролцооны хүрээнд ийнхүү Израилын цэргүүд Нетзарим хонгилыг орхин гараад байна.

Ням гарагт Нетзарим хонгилоор олон мянган палестинчууд Газын зурвасын хойд нутаг дах орон гэрээ зорин орсон байна. Дайн эхэлснээс хойд Газын 700 мянга орчим оршин суугчийг хүчээр өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нутаг буцаж байгаа палестинчууд хөлөөр болон автомашинаар нэвтэрсээр байна. Автомашинаар нэвтэрч байгаа иргэдийг АНУ болон Египетийн гэрээт аюулгүй байдлын албаныхан шалган нэвтрүүлж байгаа ажээ.

Энэ үеэр мөн гал зогсоох гэрээний хоёр дах үе шатны яриа хэлэлцээ эхлээд байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар яриа хэлэлцээнд оролцогч Израилын талын төлөөлөгчдийн баг Катар улс руу хөдлөсөн байна. Гэвч Израилын засгийн газраас мэдэгдсэнээр энэ удаад хоёр дах үе шатны асуудлуудаас илүүтэйгээр эхний үе шатны техникийн асуудлуудын талаар хэлэлцэх болно гэжээ.

Нийт 6 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд өнөөдрийн байдлаар Израилын иргэн болох 16 барьцааны хүн, Палестины 566 хоригдлыг суллаад байгаа бол ойрын 3 долоо хоногийн хугацаанд дахин 33 барьцааны хүн, 1900 хоригдлыг хоёр тал харилцан чөлөөлөхөөр хүлээгдэж байна.

Хамасын зүгээс суллана гэсэн 33 барьцааны хүний 8 нь амиа алдсан гэж Израилын тал үзэж байгаа ажээ.

15 сар үргэлжилсэн дайныг эхлүүлсэн Хамас бүлэглэлийн гэнэтийн довтолгооны үеэр 1200 орчим иргэн амь үрэгдэж, 251 хүнийг барьцаанд авч байсан бол Израил-Хамасын дайны явцад 48,100 гаруй палестин иргэд амь үрэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *