ММСУХ: Хаврын морин уралдаанд 18 хүртэлх насны хүүхэд оролцохгүй гэсэн ЗГ-ын тогтоол хэрэгжих боломжгүй


Өнгөрсөн Лхагва гарагт Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарсан. Тогтоолоор өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхыг үүрэг болгосон. Тэгвэл Монголын морин спорт, уяачдын холбоо Засгийн газрын уг шийдвэрийг буруу хэмээж өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Тэдний зүгээс Засгийн газрын 41-дүгээр тогтоол буюу ямар ч судалгаа, тооцоололгүй гаргасан энэ шийдвэр хэрэгжих боломжгүй. Хаврын морин уралдааныг 2019 онд хориглосон ч гэсэн 21 аймагт нууц, далд хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн. Энэ нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй. Засгийн газраас хаврын уралдааныг хэрхэн зохион байгуулахад анхаарах ёстой. Гэтэл өв соёлынхоо эсрэг хагарал гаргаж, уяачид хүүхдийн эсрэг байгаа юм шиг мэдээллийг олон нийтэд өгч байна.

    Тиймээс Монголын морин спорт, уяачдын холбооноос тэргүүлэгч гишүүдийнхээ  удаа дараагийн хуралдаанаар хаврын морин уралдаан зохион байгуулахад хэд хэдэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт бичгээр хүргүүлээд буй гэлээ.

Тодруулбал уралдаанд оролцоход уралдаанч хүүхдээс санал, санаачилгыг нь асуудаг байя. Ямар ч уралдаанд хүүхдийг албадан уралдуулах шийдвэр бодит байдалд байдаггүй. Хүүхдийн хүсэл зориг, ар гэрийн зөвшөөрлийг авах, эрүүл мэндийн үзлэгт оруулах, даатгалд хамруулах, уралдаанч хүүхдүүдийг үнэмлэхжүүлье зэрэг зөвлөмжийг гаргажээ.

Уяачдын холбоо хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж хамгаална. Хүүхдийн эрхээс илүү өв соёл байхгүй.

Гэхдээ бодитойгоор хүүхдийн эрхээ хамгаалж, өв соёлоо давхар хамгаалъя. Олон улсын байгууллагаас хүүхдээр морь унуулж болохгүй  гэсэн зөвлөмж өгсөн гээд ямар ч судалгаагүй шийдвэр гаргах нь буруу. Олон улсын байгууллага хэзээ ч орон нутагт байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалдаггүй гэв.

Мөн эл асуудалтай холбоотойгоор уяачдыг харанхуй бүдүүлэг, хүүхдийн эрхийг зөрчиж, албадан уралдуулдаг зэргээр харлуулж, талцуулж гүтгэлэг хийж байгаа учраас тус холбооны зүгээс хандах газарт нь хандана гэдгээ мэдэгдэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *