Өнгөрсөн амралтын өдрүүдээд Монгол бөхийн өргөөнд хоёр том барилдаан боллоо.
Бямба гарагт Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “Баянзүрх хайрханы хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд болж өнгөрсөн. Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан бол түрүү бөх 6 сая, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.
ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ
Харин Ням гарагт болсон Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013 анги, “Хатант Интернэйшнл” ХХК, “Тэнүүн Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Тус барилдааны түрүү бөх 8.000.000, үзүүр бөх 4.000.000, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 2.000.000 төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд барилдааныг Эрдэнэмандал сумын ЗДТГ, “Нутгийн хурд гал уяа” МҮБХ-той хамтран зохион байгуулсан юм.