“Харбин 2025” Азийн 9 дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Шар тивийн наадмыг зохион байгуулагч Харбин хот нь дэлхийд “Мөсөн хотхон”-оор алдартай.
Жил бүр олон сая жуулчин татдаг, уламжлалт “мөсөн хотхон”-нд Азийн наадмын 34 оролцогч орны онцлог, гайхамшигт бүтээн байгуулалтыг мөсөөр дүрсэлжээ. Энэ хүрээнд манай улсын Төрийн ордныг мөсөөр урлан бүтээсэн байна.
“ХАРБИН-2025” АЗИЙН ӨВЛИЙН НААДМЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
Энэ удаагийн наадамд манай тамирчдаас шорт трекийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд ОУХМ Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 2:58.964 секундын амжилтыг үзүүлж тэмцээнээ өндөрлүүллээ. Манай улсын тамирчны хувьд өнөөдөр 1000 метрийн зайн уралдаанд оролцох юм. Б.Гэрэлтуяа шорт трекийн төрөлд Азийн өвлийн наадамд хагас шигшээ гараанд шалгарсан Монгол Улсын анхны тамирчин болсон билээ.
Уулын цанын төрөлд Монгол улсаас дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор нийт 8 тамирчин оролцож байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн слалом буюу туг сүлжих төрлийн тэмцээн болж Японы тамирчин Чисаки Майда алтан медаль хүртсэн байна. Харин манай улсын тамирчин А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байр эзэлсэн байна. Энэ төрөлд 45 тамирчин оролцлоо. Өнөөдөр манай улсаас эрэгтэй уулын цаначид слалом төрөлд өрсөлдөнө.
Наадмын 2 дахь өдөр гүйлтийн цанын тэмцээн Ябули цанын баазад эхэллээ. Өчигдөр спринт буюу ойрын зайн медальтнууд тодорсон юм. Эмэгтэй тамирчдаас БНХАУ-ын тамирчин Ван Чиан түрүүлсэн болсон Казахстаны цаначин Константин Борцов мөнгө, Хятадын тамирчин Салике Саймухаер хүрэл медаль хүртсэн байна. Манай улсаас энэ төрөлд 4 тамирчин оролцож ОУХМ Т.Ариунболд, Э.Ариунтунгалаг нар хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ.
Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Ачбадрах, А.Хүслэн, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр нар эхний төрөлдөө оролцлоо.
Гэрэл зургийг Д.Нямбилэг