Цэрэг залуугийн ээж хөдөлмөрч, дүү нар нь найрсаг, сэргэлэн цовоо хүүхдүүд байсан гэв


“Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барлаа” гэх харамсалтай мэдээлэл нийгмийг цочирдуулаад байгаа билээ. Ээж, дүү нар нь нас барсан гэдгийг мэдсэн хугацаат цэргийн алба хаагч чөлөөгөөр ирээд хаана, хэнд хандахаа мэдэхгүй явсаар дөрөв хоногийн өмнө олон нийтэд хандаж, хайртай хүмүүсээ алдаад байгаа тухайгаа хэвлэлээр ярьсан. Үүнтэй зэрэгцээд цахим орчинд хэн, хаанаас боловсруулсан нь мэдэгдэхгүй мэдээлэл тархаж, талийгаач ээжийг нь архичин байсан, хүүг хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан зэргээр харлуулж эхэлсэн. Гэрээсээ цор ганцаараа үлдсэн 18 настай хүүд нөхөж баршгүй уй гашуу тохиолдсоны хажуугаар тэдний хувийн мэдээллийг ил болгосон нь олныг бухимдуулав. Үүнтэй холбоотойгоор Хууль, зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ цагдаагийн байгууллага тухайн мэдээллийг тараасан бол хариуцлага тооцоод зогсохгүй, цагдаагийн байгууллагын удирдлагууд давхар хариуцлага хүлээх ёстой гэдэг тайлбарыг өглөө.

Ийнхүү бид дээрх харамсалтай үйл явдал болсон Баянгол дүүргийн XXII хороог зорилоо. Эхлээд тус хорооны байран дээр очиж хорооны ажилтнаас товчхон мэдээлэл авсан юм. Тэрбээр “Манай хороо 7000 гаруй өрхтэй. Айлуудын угаар мэдрэгчийн ажиллагааг онцгой байдлын хэлтэс, дүүргээс нь хяналт шалгалт тогтмол хийдэг. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв.

Хөрш эмэгтэй: Талийгаач эмэгтэй олон хүүхэдтэй болохоор хүүхдүүдийнхээ төлөө л зүтгэдэг байсан

Бид замд тааралдсан нэгэн эмэгтэйгээс тус хэргийн талаар тодруулахад тэрээр талийгаач эмэгтэйн хуурай эгч, хөрш нь болж таарав. Тэрээр энэ хэргийн тухай анх сонсоод үнэмшээгүй учраас маргааш нь гэрт нь ороод мэдсэн гэлээ. Цахим орчинд тархсан мэдээллийг уншаад ихэд цочирдож бухимдал төрсөн гэдгээ ч нуусангүй. Тэрбээр “Талийгаач эмэгтэй олон хүүхэдтэй болохоор хүүхдүүдийнхээ төлөө л зүтгэдэг байсан. Бид эгч дүүс, найзууд явсан. Фэйсбүүкээр яваад байгаа ээж нь архичин, том хүү нь хулгайч гэдэг бол худлаа мэдээлэл гэдгийг би бардам хэлж чадна. Бид нэг нэгнийхээрээ байнга орж гардаг байсан болохоор мэдэлгүй л яах вэ. Ээж нь дандаа л ажил хийж явдаг. Нэг өдөр “Эгч ээ, би үйлчлэгчээр ажилд орсон” гээд инээгээд явж байсан. Архи дарс хэрэглэдэггүй, маш хөдөлмөрч эмэгтэй байсан.

Амьдарч байсан байшингаа өнгөрсөн зунжин ганцаараа засаад гоё болгочихсон байсан. Гуравдугаар ангийн охин нь над дээр ирж хичээл заалгадаг сүрхий хүүхэд байлаа. Таарах болгондоо “Эгч ээ сайн уу” гээд өнгөрдөг байсан. Нэг охин нь “…” дэлгүүрт ажилладаг байсан юм. Хөөрхий хичээлдээ явж ирчихээд орой нь ажилладаг байсан. Цэргээс ирсэн том хүү нь томоотой, элдэв ааш авиргүй харагддаг. Хүүхдүүд нь их сүрхий, хөдөлмөрч, найрсаг, сэргэлэн цовоо, яриа хөөрөө сайтай. Талийгаачийнхаар саяхан ороход цэргийн хүү нь уйлаад сүйд болж харагдана лээ хөөрхий. Ээжийнх нь тал их олуулаа юм шиг байсан. Хүмүүс их цугласан харагдсан” гэв. Энэхүү хөрш эмэгтэйнх сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэв. Нэг удаа эмнэлэг яваад ирэх хооронд хүүхдүүд нь угаартчихсан байсан гэлээ. Угаар нь өнгөгүй болохоор угаартаж байгаагаа мэдээгүй. Үүнээс хойш айгаад хүүхдүүдээрээ гал түлүүлэхгүй, дандаа өөрөө түлж байгаа гэдгээ хэллээ. Өнөө жилийн шахмал түлшний чанар ямар байгаа талаар асуухад “Энэ жилийн шахмал түлш нунтаг ихтэй байна. Заавал эхлээд мод түлж байж л асна. Түүнээс биш цогон дээр хийвэл ердөө асахгүй. Тэгээд хөрсөн үнсийг нь асгах гэхээр бужигнаад, хүн байтугай нохой хүртэл найтаахаар тортогтой” гэв.

Худалдаа эрхлэгч: Хорооныхныг “мэдээлэл өгч болохгүй” гээд дээрээс нь дарамтлаад байгаа гэсэн

Бид ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагчтай цөөн хором ярилцлаа.

-Танай ойролцоо саяхан нэг гэр бүлийн зургаан хүн угаартсан харамсалтай мэдээг та сонсов уу?

-Энэ хэргийн талаар сонссон. Гэхдээ би энд ирээд удаагүй байгаа болохоор гэр бүлийн хүмүүсийг нь сайн танихгүй. 15 настай охиных нь ангийнхан хандив цуглуулж байгаа сураг байсан. Миний сонссоноор хорооныхныг “Мэдээлэл өгч болохгүй” гээд дээрээс нь дарамтлаад байгаа гэсэн.

-Ер нь энэ хавийн айлууд ямар зуух хэрэглэдэг юм бол?

-Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр “Нүүдэлчин” гээд зуух тараасан юм. Угаартсан айл энэ зуухыг хэрэглэж байсан гэсэн яриа сонсогдсон. Хажуу тал руугаа халдаггүй, зөвхөн дээд талдаа халдаг, нүхээр нь хар утаа гараад байна гээд тэр зуухыг авсан айлууд бүгд гаргаад тавьчихсан гэсэн. Багтаамж бага, шүүр нь тогтворгүй болохоор нүүрс хийхээр доошоо уначихдаг гээд хуучин зуухаа тавьсан тухайгаа ойрын эгч маань надад хэлсэн.

-Энэ зуухыг үнэгүй тараасан гэсэн үү?

-Үнэгүй тараасан гэсэн мөртлөө гэрээ байгуулаад мөнгийг нь буцааж авах юм сонсогдоод байсан. Зуух тараасны дараа хоёр цагдаа дагуулсан 4-5 хүн долоо хоног болгон шалгалт хийгээд тойроод яваад байсан. Тэгж явахынхаа оронд пийшингийнхээ ажиллагааны талаар судалж явахгүй яасан юм бол. Зүгээр л ямар нүүрс хэрэглэж байна, ямар пийшинтэй юм гэж асууж явсан. Гэр хорооллын иргэд бид нүүрс түлэхгүй л бол энэ хүйтнийг яаж давах вэ дээ. Аргаа барсан айлууд нь картон цаас мэтийг түлж дулаацаж байгаа шүү дээ.

-Сайжруулсан шахмал түлшний угаар хэр мэдрэгддэг вэ?

-Шахмал түлш утаа нь мэдэгдэхгүй хэрнээ үнэр нь их байдаг. Жишээ нь, би цаад өрөөгөө галлахад энэ өрөөнд угаар үнэртээд байдаг юм. Цонх онгойлговол нэвт үнэртэнэ. Шахмал түлшний чанар эхэндээ гайгүй байсан ч сүүлийн үед чанар нь муудчихсан. Ер нь болгоомжтой байхгүй бол найдвар муутай түлш гэж ойлгоод байгаа.

-Танайх ямар төрлийн угаар мэдрэгчтэй вэ?

-Саяхан энэ хавийн айлуудад угаар мэдрэгч тараагаад байсан. Гэхдээ өмнө нь айлын хэрэглэж байсан угаар мэдрэгч гээд тогоор ажилладгийг манайд авч ирж өгсөн. Ер нь тогны үнэ нэмэгдсэнээс хойш хүмүүс мөнгөө хэмнэх гээд цахилгаан хэрэгслүүдээ салгаад байгаа. Айлууд угаар мэдрэгчийг ажилладаггүй болохоор нь биш тогоо хэмнээд л салгаад байгаа байх. Тогны үнийг 30 хувиар нэмсэн гэсэн мөртлөө манайх лав хоёр дахин нэмэгдсэн байна лээ гэсэн юм.

Угаартсан айлын том хүүд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдөөс бүрдсэн сайн дурын ажлын хэсэг энэ сарын 7-ны өдөр байгуулагдсан юм. Тэгвэл өмгөөлөгч М.Хандармаа О.Одбаяр хүүд хуулийн зөвлөгөө өгөхөөр болжээ. Тэрээр “О.Одбаярын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарч байна. Ар гэр рүү нь ч дайрч байна. Дээр нь улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. О.Одбаяр хэвлэлд мэдээлэл өгөхдөө маш их сандарч буруу зөрүү ярьсан зүйлс байгаа. Хоёрдугаарт, янз янзын байдлаар дарамтлахаа боль. Хүү сэтгэл зүйн хүнд байдалд байна. Энд тэндээс байнга утасдаж байна” хэмээн ярьсан юм.

Сүүлийн найман жилийн хугацаанд 644 хүн угаартаж амиа алдсан тоон мэдээлэл байгаа. Гэвч бодит байдал дээр үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй. Утаагүй хот болгоно гэж нэвтрүүлсэн сайжруулсан түлшний уршгаар бид унтаад сэрэхгүй ч байж мэдэх эрсдэл дунд амьдарч байна.

Г.Балгармаа, Ө.Анхзаяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *