Халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнээр хариуцлага, ёс зүй дээрдсэнгүй ээ. Уг нь ард түмний төлөөлөл болж их хурлын танхимд сууж байгаа дархан эрхтэй гишүүдэд дагаж мөрдөх үүрэгтэй ёс зүйн дүрэм гэж бий. Дүрэмтэй дүрэмгүй түмний өмнөөс дуугарах бүрэн эрхээ ёс зүйтэй, үлгэр жишээ эдэлнэ байх гэсэн хүлээлт итгэж сонгосон иргэд сонгогчдод байгаа нь гарцаагүй. Гэвч үе үеийн парламентын гишүүдийн ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрсэн жишээ цөөнгүй гарсантай холбоотойгоор 2022 оноос “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг хуульчлан баталсан байдаг. Харамсалтай нь ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь хэтэрхий сул буюу хамгийн чанга шийтгэл нь 6 хүртэл сарын хугацаагаар цалингийн 20 хувийг нь хасах гэж тогтоосон билээ.
“Шүдгүй арслан” шиг энэ шийтгэлийн заалт парламентын гишүүдэд хариуцлага мэдрүүлж чадахгүй байгааг гишүүн болоод жил ч болоогүй зарим гишүүдийн үйлдлээс харж болохоор байна.
Олноо Нара хэмээн танигдсан УИХ-ын гишүүн М.Нарантуяа нийгмийн сүлжээгээр өөрийг нь шүүмжилсэн гишүүдийг доромжилж лайвдсан, сэтгэгдэл бичсэн жишээ намрын чуулганы ярианы сэдвүүдийн нэг байлаа. Сонгосон иргэдээ гутаан доромжилсон жишээ ганц Нарагаар дууссангүй. Багш нарын нэрээр парламентын босго давсан Ц.Мөнхтуяа гишүүн ч цахим орчинд шүүмжлэл хэлсэн иргэдийг доромжилж заналхийлсэн сэтгэгдэл үлдээсэн нь парламентын гишүүдээс өмнө нь огт гарч байгаагүй цоо шинэ ёс зүйгүй үйлдэл болж парламентын түүхэнд тэмдэглэгдэх нь. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр нэг нэгнээ хараан зүхсэн, салаавч гаргаж байсан түүх бий. Тэр бүү хэл гишүүдийн дунд зодоон цохион болж байсан тохиолдол ч Монголын парламентын түүхэнд тодоор үлдсэн байна. Харин 126 гишүүнтэй шинэ парламентын шинэ гишүүдийн гаргаж байгаа шиг цахим орчинд сонгосон иргэдээ эргүү тэнэгээр нь дуудаж, доромжилж заналхийлж байсан түүх огт байгаагүй билээ.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-д биеэ авч явахдаа үлгэр дуурайлал үзүүлэх гэж заасан бөгөөд УИХ-ын гишүүн нь ард түмний элч төлөөлөгчийнхөө хувиар ёс зүйн дүрэмд захирагдана гэж тодорхой бичжээ. Харин парламентын гишүүдэд ёс зүйн дүрэм огт үйлчлэхгүй байгааг бид хамтдаа харсаар байна.

Монгол улсын парламентын гишүүн халдашгүй, дархан эрх эдэлдэг. Энэ эрхээ эдэлж байгаагийнхаа хувиар сонгосон ард иргэдийнхээ өмнөөс хариуцлагатай үг үйлдэл гаргах учиртай. Их хурлын гишүүний бүрэн эрхийг дагаж ирсэн ямбыг эдэлсэн шигээ хариуцлагыг нь ухамсарлах шаардлагатай гишүүд олон байгааг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо анхааралдаа авна гэж найдъя. 4 жилд ганцхан удаа төрд төлөөллөө сонгодог Монголчууд бид ч сонгосон түшээгийнхээ гаргаж байгаа үг үйлдэлд хариуцлага нэхдэг зуршлыг бий болгох цаг болсныг даварсан гишүүдийн хариуцлагагүй үйлдлүүд харуулсаар байгааг бид сануулахыг хүслээ.