Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Жиньпин тосгонд хөрсний гулсалт болсны улмаас нэг хүн амиа алдаж, 28 хүн сураггүй алга болоод байгаа талаар Хятадын төрийн төв мэдээллийн хэрэгсэл мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон хөрсний гулсалтын улмаас Жиньпин тосгоны 10 байшин нурж, хэд хэдэн оршин суугч нурсан хөрсөнд гацсан байна.
Тус улсын онцгой байдлын албаны товчооноос байгалийн гамшигт өртсөн нутагт түр коммандлалын төвийг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд аврах ажиллагаанд онцгой байдлын олон зуун албан хаагч оролцож байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хөрсний гулсалтад өртөж, нурж сүйдсэн байшин барилгад дарагдаж, гацсан бүхий л оршин суугчдыг эрж хайх, аврах үүрэг даалгаврыг холбогдох албадуудад өгсөн байна.
Мөн тухайн гамшгийн бүсээс 200 орчим хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн тосгоны оршин суугчид ойролцоох уулын оройгоос сүүлийн хагас жилийн турш том том чулуунууд өнхөрч ирсээр байсан талаар мэдэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян гамшгийн бүсэд геологийн идэвхжлийн нарийвчилсан тандалт судалгаа явуулахыг холбогдох албадад даалгасан байна.
Байгалийн гамшигт өртсөн тосгоны дэд бүтцийн засвар, нөхөн сэргээлтэд Хятадын төв засгийн газраас 50 сая юань буюу 6.9 сая ам.долларыг гарган олгохоор болжээ.