Хүүхдээ чононд өгмөр


“Аав энийг зурсан. Би энийг зурсан”, “Аав одоо ирнэ”, “Аав удахгүй ирнэ”, “Аав явахгүй” хэмээн ярих 3 настай цовоо охиныг аав нь нэгэн дэлгүүрийн худалдагчид бамбарууштай нь үлдээгээд явчихжээ. Тэр аавд юу тохиолдсон болоод төрсөн үрээ ингэж хаа хамаагүй хүнд орхиод, зугтсаныг ч бүү мэд. Одоогоор аавыг нь олоогүй байна. Гэхдээ л…

“Энэ хорвоод хүний төрлийг олно гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтоохтой адил гэдэг. Хүүхэд байхдаа энэ үгийг анх сонсоод, зүүний үзүүр дээр шар будаа тогтоохоор оролдож л байлаа. Зүүний байтугай тэвний үзүүр дээр ч тогтоож чадаагүй юм даг. Саваагүй ч гэсэн туршиж үзсэн. Тэгээд хүний заяа ямар их үнэ цэнтэйг ойлгосон доо.

Аливаа сүнс ургамал болж төрөөд, дараа нь амьтны төрөл олдог гэнэ лээ. Амьтан байхдаа сэтгэл гээч зүйлийг олж, өөртөө сэтгэл үүсгэж чадвал хүний төрлийг олох эрхтэй болдог юм гэсэн. Мал, нохой, шувуу гээд бүхий л амьтад дунд үр төлөө онцгой хайрлаж, бусдаас амиа золин хамгаалдаг амьтад байдаг даа. Тэр бол яах аргагүй сэтгэлийг олсон адгуус. Тэр амьтан дараа төрөлдөө хүн болж төрнө.

Ингэж байхаар хүүхдээ чононд өгчихвөл яаж байна?

Харин сэтгэлээ гээсэн хүн яах бол? Дараа төрөлдөө амьтан болж төрөх болов уу, бүүр ургамал болох юм болов уу?

2024 оны 12 дугаар сард нийслэлийн Баянгол дүүрэгт 5 сартай хүүхдээ эх нь хаясан. Төрөө ч үгүй байхдаа эцэгтээ хаягдсан хүүгээ эх нь 5 сартай болмогц асрагч хөлслөн авч, түрээсийн байрандаа хамт орхиод сураггүй алга болсон байна. Сүлжээ дэлгүүрт хүүхдээ хаяж явсан, хогны саванд өлгийтэй хүүхдээ хаясан… гээд үргэлжилнэ.

Монгол Улс 1.3 сая хүүхэдтэй. Тэдний 130 мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Үүнээс 58.380 нь аюултай хөдөлмөр эрхэлж байгааг ХЭҮК тогтоожээ. Үүний зэрэгцээ 5 монгол хүүхэд тутмын 2 нь хоол тэжээлийн дутагдалтай байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч анхаарууллаа. Монголчууд хүүхдээ тэжээж чадахгүй, бүр ажил хийлгэж байна. Хүүхдээ хаана, ямархуу байдалд бүлтэлзэж байгааг нь ч мэдэхгүй. Үүнийг нь ашиглан, хүүхдүүдийг бузар амьтад хүчиндэж, биеийг нь үнэлүүлж байна. Зарим эцэг, эх өөрөө хүүхдээ хаяж байна. Ингэж байхаар хүүхдээ чононд өгчихвөл яаж байна?

Чоно бол хүний хүүхдийг идэхгүй. Тэр тусмаа жаахан хүүхдийг. Ялангуяа бэлтрэгээ суйлуулсан гичий чоно. Олон удаа бэлтрэгээ суйлуулсаар, үр төлөө өсгөх заяа дутсан хөөрхий гичий хүүхэд хулгайлан авч, тэжээдэг тухай үлгэр мэт яриа монголчуудын дунд бий. Хүүхдийг нь авчихвал бэлтрэгийг нь дахиж суйлахгүй гэж барьцаалдаг ч юм уу. Үрээ алдсан эх амьтны хувиар голоо дэвтээж байгаа нь ч тэр юм уу? Бүү мэд. Ухаан санаатай амьтан болохоор ямар нэг юм боддог л байх. Чоно айхтар ухаантайг анчид, малчид шагшдаг шүү дээ. Заавал хүүхэд хулгайлдаг нь ч ямар учиртай юм. Сайхан сэтгэлээр тэжээж өсгөе гэвэл үнэгний гавар, туулайн бүжин, хонины хургыг ч тэжээж болох шүү дээ.

Зүс бие төстэй, овог нэгтэй нохойн гөлөг хамгийн тохиромжтой баймаар. Нохойн үүсэл, хувьслыг эрдэмтэд одоо молекулын түвшинд судалж байна. Америкийн биологич Robert Wayne олон үүлдрийн нохдын ДНХ-г судлаад, хүмүүс Хойд туйлын чоныг гэршүүлэн, нохой болгосныг тогтоожээ. Тэгэхээр гөлөг хулгайлан тэжээх нь чононд илүү ойрхон баймаар. Нохой ч ухаантай амьтан. Нохой зан, нохой санаа, нохойтох гэх мэт үгс монгол хэлэнд олон байдаг нь нохой маш ухаантайг харуулдаг. Нохойн ухаан 3 настай хүүхдийнхтэй адилхан байдгийг судлаачид тогтоожээ. Чоныг гүйцэхгүй ч нэг их дутахгүй байлгүй. Чоно гэвч хүүхэд л тэжээдэг. Өөр амьтны үр төлийг тэжээснийг нь харсан хүн ер байдаггүй. Тийм яриа ч огт сонсоогүй.

Нохойн дуу хоолойн өнгө, дохио ч чонынхтой төстэй. Чоно их ульж, цөөн хуцдаг бол нохой их хуцаж, цөөн ульдагаараа л ялгаатай. Нохой сүүлээ агсахгүй бол яг л чоно шүү дээ. Тиймээс л малчид саарал зүстэй болон сүүлээ сөхдөггүй нохой тэжээдэггүй. Чоно бол галзуураагүй л бол ямар ч үед сүүлээ агсдаггүй. Гэвч энэ ялгааг жаахан хүүхэд мэдэх биш дээ, ямар. Нохойгоо гэж санаад л уйлж орилохгүй дагаад, зуулгаад явчихдаг биз. Нохойтойгоо хоолоо хувааж, ам хамраа долоолцож өсдөг юм чинь.  

Тэр хүүхдийг чоно зуугаад явсан бол өдийд Хөвсгөлийн тайгад нэгэн шаалуу хүү, чонотой зэрэгцэн харайж яваа биз

2005 оны 8-р сарын сүүлчээр намайг Хөвсгөл аймагт явж байтал нэг айлын хүүхэд алга болов. Дөнгөж хөлд орж байсан хүүхэд. Ээж, өвөө хоёр нь хүүхдээ ойр хавиас хайгаад олдохгүй болохоор нь “Нэг газарт унтчихсан байх. Тэгээд л олдохгүй, бид олж харахгүй байна. Сэрээд уйлна. Тэр чимээнээр нь олчихно” гэлцээд, эрлээ хэсэг завсарлажээ.

Тэднийх ойгоос жимс түүхээр уулын мухарт 2 гэрээрээ буусан, бусад хүн жимс түүхээр ой руу орчихсон байв. Жимсчид ойгоос бууж ирээд тэр шөнөжин гар чийдэн барьж, гол ус, уул хадаар хайгаад олсонгүй. Маргааш нь онцгой байдал, сумын ЗДТГ-ынхан очиж, эрлийн баг гаргаад ч олоогүй юм. “Хөлд сайн ороогүй нялх хүүхэд хаа холдов гэж” хэмээн бүгд бодсон ч гэрээсээ нэлээд хол, элсэн дээр үлдсэн бойтогных нь мөрийг л олсон юм. Хэрээ дагуулаад явсан бол нүдийг нь ухаад, нүүрийг нь тоншоод хаячихсан байх байлаа. Гэвч тийм юм олоогүй. Тэгээд л “Боохой зуугаад явчхаж” гэсэн таамагтай л хоцорцгоосон доо.

Тэр хүүхдийг хэрвээ чоно зуугаад явсан бол өдийд Хөвсгөлийн тайгад нэгэн шаалуу хүү, чонотой зэрэгцэн харайж яваа биз. Түүнийг ар гэрийнхэн нь хаяагүй, алдчихсан юм. Хүний хүүхдийг авч яваад өсгөдөг чоно байхад хүүхдээ хаячихдаг хүн байна. Чононоос дор дотортой амьтад.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *