Б.Дэлгэрсайхан: УИХ-ын гишүүдийн үүрэг даалгаврын дагуу гэрээний зарим заалтыг засаж сайжруулсан


Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засаг газар хоорондын хэлэлцээрийн асуудлыг хэлэлцсэн байна.

2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахыг зөвшөөрсөн. Энэхүү хэлэлцээр нь 16 жилийн турш гацсан төмөр замыг холбох төслийн хувьд чухал үе шат болно гэж талууд мэдэгдээд буй. Гэхдээ УИХ-ын нэр бүхий зарим гишүүн гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр тодорхой санал хэлсэн байна. Энэ ч үүднээс сэргээгдэх эрчим хүчний болон нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой гэрээний заалтуудыг засаж залруулсан гэж мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу “Ганцмод-Гашуунсухайт боомтын барилгын ажил эхлэхэд, бусад бүх боомтыг холбох ажлыг эхлүүлэх…” гэсэн заалтыг уг гэрээнд нэмж оруулжээ.

Гэрээнд гарын үсэг зурсны дараа тус тусын яам өөрт хамаарах гэрээгээ мөн зурах юм байна. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийхдээ Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлах асуудлыг мөн хэлэлцсэн байна. Уг төсөл бүрэн хэрэгжиж, ашиглалтад орсноор жилд 160 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж мэдэгдлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *