Элон Маск тэргүүтэй хөрөнгө оруулагчид “OpenAI”-г худалдаж авах санал тавьжээ


Америкийн тэрбумтан Элон Маск тэргүүтэй бүлэг хөрөнгө оруулагчид хиймэл оюуны “ChatGPT” платформыг хөгжүүлэгч “OpenAI” компанийг 97.4 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээлээд байна. “The Wall Street Journal” сонины мэдээлснээр “OpenAI” компанийн үйл ажиллагааг хянан хариуцдаг ашгийн бус байгууллагад дээрх саналыг даваа гарагт Элон Маскийн хуульч тавьсан гэжээ.

Өмнө нь Элон Маск “OpenAI” компанийн удирдлага нээлттэй болох ёстой тухай өөрийн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан юм.

“OpenAI” компани арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд хэрнээ ашгийн бус байгууллагын хяналт, удирдлаган доор харьяалагддаг өвөрмөц бүтэцтэй компани ажээ. Гэхдээ өнгөрсөн оны 12-р сард тус компани удирдлагын байгууллагаа арилжааны чиглэлийн болгож өөрчлөх болно гэдгээ албан ёсоор зарлан мэдэгдсэн юм.

Элон Маск тэргүүтэй хөрөнгө оруулагчдын тавьсан саналын хариуг “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн даваа гарагт өөрийн “X” хуудсаараа дамжуулан өгсөн байна. Тэрээр “Хэрэггүй ээ баярлалаа. Харин хүсэж байвал бид “Твиттер”-ийг 9.74 тэрбум ам.доллароор худалдаж авахад бэлэн байна” хэмээн бичжээ.

Элон Маск 2022 онд “Twitter”-ийг худалдан авч, удалгүй платформын нэрийг “Х” болгон өөрчилсөн билээ. Тэрээр Сэм Олтмэны дээрх жиргээний хариуд “Луйварчин” хэмээн бичсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *