Э.Баттулга: Зөвшөөрөлжүүлсэн шинжтэй 10 журмыг хүчингүй болгосон


Байгаль орчны салбарт 2025.02.11-ний байдлаар 44 хууль, захиргааны 94 акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байв. Үүнээс БОУАӨЯ өчигдөр 10-ыг нь хүчингүй болгохоор ХЗДХЯ-нд хүргүүлэв. Ингэснээр одоо 84 журам үйлчилж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга энэ талаар “Эдгээр журам нь зөвшөөрөл гэсэн нэртэй биш ч эрх олголт, дүгнэлт, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг зэрэг зөвшөөрөлжүүлсэн шинж агуулахуйц байсан учир хүчингүй болголоо. Манай салбарт 360 гаруй стандарт бий. Байгаль орчны салбарын стандартын асуудлаар 2-р сарын 20-нд хэлэлцүүлэг зохион байгуулна. Алийг нь хасах, алийг нь шинэчлэх, алийг нь хүчингүй болгохоо энэ хэлэлцүүлгээр ярилцана. Энэ онд байгаль орчны салбарын 44 хуулиас 12-т нь нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэж байна” гэж мэдээллээ.

Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон 10 журмыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон журам:

  1. Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам
  2. Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц, дээжийг гадаадад гаргах, гадаад улсаас оруулах журам
  3. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам
  4. Аюултай хог хаягдлыг дагалдах бичиг баримтын хавсралтуудаар баталсан олон маягтууд
  5. Ойн дагалт баялаг ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай тушаал
  6. Генетик нөөцтэй холбоотой уламжлал мэдлэг ашиглагчийг тогтоох, генетик нөөцтэй холбоотой уламжлал мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журам
  7. Био соёлын тэмдэглэлийн загвар, үр шимийн гэрээний загвар
  8. Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам
  9. Ойгоос мод бэлтгэх журамын 1-р, бэлтгэх модны саналыг 2-р, гүйцэтгэлийн тайланг 3-р, мод блтгэх гэрээг 4-р, мод бэлтгэх гэрээний биелэлтийг 5-р, мод тээвэрлэх хяналтын хуудсыг 6-р, мод бэлтгэх эхлэл, төгсгөлийн актыг 7-р, мод бэлтгэлийн технологийн картыг 8-р хавсралтаар баталсан журмууд
  10. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журам
  11. Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам

Эдгээр журмыг хүчингүй болгосон ч аргачлал, стандартаар зохицуулах харилцаа нь хэвээр үлдэж буй аж. Аж ахуйн нэгжүүдийг бизнес эрхлэхэд төвөг чирэгдэл болдог, хугацааны хувьд биелүүлэх боломжгүй, бичиг баримт бүрдүүлж амжаагүйгээс ажил үр дүнгүй болоход хүргэдэг баримт бичгүүдийг цуцалжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *