Р.Даваадорж: Валютын нөөц буурсныг Монголбанкны сайтаас хэн ч ороод харах боломжтой


Валютын нөөц багасахад ямар хүчин зүйл нөлөөлж байгаа талаар эдийн засагч Р.Даваадоржоос тодрууллаа.

——————————————————————

Валютын нөөц үнэхээр багассан юм уу? Зарим судлаачид төдийгүй, иргэдийн зүгээс валют олдохгүй байгаа тухай ярих боллоо?

– Гадаад валютын албан нөөц хир хэмжээтэй байгааг дурын хүн Монгол банкны цахим хуудаснаас ороод харж болно. Өнөөдрийн байдлаар 4,7 тэрбум долларын хэмжээтэй нөөц байна. Тийм ч бага дүн бас биш л дээ. Нэг хэсэг 5 тэрбум гаруй долларын нөөцтэй байсан юм. Үүнтэй харьцуулахад валютын нөөц багассан гэсэн үг. Энэ тоонд нөлөөлсөн  хэд хэдэн шалтгаан бий.  Хамгийн гол шалтгаан бол нүүрсний экспорт. Энэ жилийн нэгдүгээр сарын статистик гарсан байна. Манай улс зөвхөн эхний нэгдүгээр сарын мэдээгээр зөвхөн нүүрснээс 449 сая долларын орлого олсон байгаа юм. Хэдийгээр нүүрс гаргаж байгаа хэмжээ өмнөх жилүүдийнхээс ихэссэн ч гэсэн нүүрснээс орж ирэх орлого буурлаа. Өнгөрсөн жилийн мөн үед нүүрснээс бүрдүүлж байсан орлого 880 орчим сая долларт дангаараа хүрч байсан юм. Өөрөөр хэлбэл нүүрснээс орж ирэх орлогын бараг тэн хагас нь алга болсон гэсэн үг. Нэгдүгээр сарын байдлаар Монгол улсын гадаад худалдаанаас олох орлого 1,9 тэрбум доллар буюу жилийн өмнөхөөс 11 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Монгол улсын эдийн засаг нүүрснээс 100 хувь хараат гэж хэлж болохоор нөхцөл байдалтай байгаа нь нууц биш. Өмнө нь бид орлого олж байгаа сувгуудаа нүүрс зэс гэж ангилж байсан бол одоо зөвхөн нүүрсний орлогоос өөр эх үүсвэргүй шахам нөхцөл байдалтай болчихсон байна. Гадаадаас олж байгаа 10 доллар тутмын 6-г нүүрснээс бид олдог. Бид ганц бүтээгдэхүүнээс хараат амьдрахын зовлонг Монголчууд бид үзэж байна гэсэн үг.

– Валютын нөөц буурахад хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн гэж хэлсэн?

– Монгол улсын валютын нөөцөд шууд нөлөөлсөн хүчин зүйл бол гадагшаа чиглэсэн аялал жуулчлал. Агаарын бохирдолтой холбоотойгоор сургууль цэцэрлэгийн амралтаар эцэг эхчүүд гэр бүлээрээ цэвэр агаартай улс орон руу их зорьсон. Үүнд эцэг эхчүүдийг, иргэдийг буруутгах арга байхгүй. Арга буюу зээлэх нь зээлээд, зарим нь хадгаламжаа валют болгоод цэвэр агаарын төлөө валютын урсгалыг гадагшаа чиглүүлсэн тал бий. Валютын нөөц буурахад томоохон нөлөө үзүүлж байгаа бас нэг хүчин зүйл бол цагаан сарын баяр. Монгол улс хэрэглэгч улс учраас гарын бэлэг сэлтээ бэлтгэх, идээ ундаа хоол хүнсний хэрэглээгээ ч дотооддоо бүрэн шийдэж чадаагүй явж ирсэн нь нөлөөлж байгаа шүү дээ. Энэ бүх валютын гадагш чиглэсэн урсгал нүүрсний орлогын бууралттай зэрэгцээд ирсэн нь эдийн засагт шууд нөлөөлж байгаа юм. Гэхдээ энд дурдсан дээрх 3 шалтгаанаас илүү төсвөө хэт тэлснээс үүдсэн хор нөлөө өнөөдрийн Монгол улсын эдийн засагт мэдрэгдэж байгааг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Улсын төсвөө хэт тэлнэ гэдэг манайх шиг хэрэглэгч улсын хувьд үнийн өсөлт, эдийн засгийн шок авчрахаас хэтрэхгүй шүү дээ. Монгол улс шиг 2-3 жилийн дотор 18 их наядаас 36 их наяд болтол нь төсвөө 2 дахин тэлдэг улс орон дэлхий дээр байхгүй. Төсөв мөнгөний бодлого буруу явж байгаагийн гол хор нөлөө валютын ханш инфляцаар дамжиж иргэдийн нуруун дээр ирдгийг бид мэдэрч байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *