Г.Ихбаяр: Хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээсэн тоглолт байлаа


Монголын сагсан бөмбөгийн 30 жилийн түүхэнд олноос онцгой содон тоглогч олон байсан. Тэр бүгдийг дурсаад байвал дуусашгүй.

Гэхдээ үеийн үед хамгийн өрсөлдөөнтэй байдаг холбогчийн байрлалд яах аргагүй дурсах хүн бол ОУХМ Ганбаатарын Ихбаяр. Тэрээр амьдралынхаа 15 жилийг сагсан бөмбөгт зориулсан. Эд үедээ хүнд бэртсэн ч сагсан бөмбөгөө үргэлжлүүлж, 2015 оны 12-р сард зодог тайлж байлаа. Үүнээс хойш сагсан бөмбөгийн талбайд лигийн хамгийн шилдэг холбон тоглогч гараагүй юм.

Г.Ихбаяр өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ үндэсний дээд лигийн 30 жилийн ойд зориулсан Бүх оддын тоглолтоор дахин нэг удаа 9 номертойгоо талбайд гарч үзэгч, дэмжигч түмнээ дахин нэг удаа баярлуулж, баярын нулимсыг нь унагалаа. Монголын сагсан бөмбөг сонирхогчид түүнийг их санажээ. Ингээд маш богино хугацаагаар алс орноос ирсэн ОУХМ Г.Ихбаяртай буцахаас нь өмнө ярилцлаа.

-Та яг 10 жилийн өмнө зодог тайлсан. Эргээд 10 жилийн дараа 9 дугаартайгаа таныг талбайд гарч тоглохыг харах сайхан байна. Тэр тусмаа 30 жилийн ой дээр таныг харсан Монголын сагсан бөмбөг сонирхогчид их баярласан байх. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө. Гоё зүүд зүүдлэхээрээ сэрж чадахгүй, үргэлжлүүлээд баймаар санагддаг үе байдаг даа. Түүн шиг, зүүд юм шиг хэд хоног өнгөрлөө. 9 жилийн дараа эргээд талбайд гарч байна. Их сайхан байлаа. Шинэ ордонд, олон монголчуудынхаа өмнө тоглох үнэхээр гоё байсан. Дээрээс нь үе үеийн шилдэг ах нар, найзууд сүүлийн үеийн нүүр царай болсон дүү нартайгаа хамт тоглох мөч хэзээ ч мартагдахгүй байх. Өмнө нь хэзээ ч авч үзээгүй мэдрэмжээ сая авлаа. Би зодог тайлахдаа олон юм ярихыг хүссэн ч тулгамдаад ярьж чадаагүй. Ахмадын улсын аваргаар эргээд уулзъя гээд мааз болгоод хэлж байсан юм. Тэрнээс хойш ахмадын улсын аваргад тоглохоосоо өмнө лигийн 30 жилийн ойдоо тоглосондоо баяртай байна. Удахгүй ахмадын улсын аваргад тоглох байх аа.

-Таныг талбай дээр 9 номертой дахин харах сайхан байлаа. Номерынхоо утга учрын талаар яриач?

Анх би өсвөртөө 6 номертой тоглодог байсан. Тэгээд “Баганат өргөө”-д орж ирэхэд, Чинзогийн өмсгөл 6 номертой хийгдчихсэн байсан. Тэгээд 6-гийн тоог эргүүлээд, 9 болгосон. Тэрнээс хойш 9 номертой тоглодог болсон. Дээрээс нь их бэлгэшээлтэй тоо.

-30 жилийн ойгоор үнэхээр л олон түмний хүсэж байсан хүмүүс сонгогдож талбайд гарлаа. Гэхдээ гарах ёстой зарим хүн байсангүй гэх зэргээр хүмүүс ярьж байна. Ер нь тоглогчдыг яаж сонгосон юм бол?

10, 10 жилээр нь хувааж, хамгийн өндөр амжилт гаргасан эхний 10 хүнийг сонгосон юм байна лээ. Жишээ нь: 1994-2004 оны эхний 10, 2004-2014 он, 2014-2024 гэх зэргээр шилдэг 30 тоглогч тодруулсан. Орж чадаагүй мундаг хүмүүс зөндөө байсан. Гэхдээ АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн алдрын танхим гэдэг шиг дурсгалтай зүйл хийх гэж байгаа байх гэж бодож байгаа. Эндээ үлдсэн хүмүүсээ оруулаад яваасай.

-Та спортын төв ордонд тоглож, карьераа өндөрлүүлсэн. Сая “UG Arena” гээд шинэ ордонд тоглолоо. Монголын сагсан бөмбөг өөр болж уу?

Үнэхээр өөр болсон байна. Би Спортын төв ордонд тоглох дуртай. Миний амьдралын ихэнх хэсэг тэнд өнгөрсөн учраас орохоор л дулаан энерги мэдрэгдээд, их гоё байдаг. Үзэгчид ч багтахгүй, хойд хаалган дээр бөөгнөрсөн байдаг. Заримдаа тоглогч бид хүртэл багтахгүй, өөр хаалгаар орох үе байдаг байлаа. Гоё дурсамж тэнд үлдэж. Одоо бол Монголын сагс өөрчлөгджээ. “UG Arena” гэж гоё шинэ ордонтой, олон үзэгчтэй, зохион байгуулалт сайн, гадаадад сагс үзэж байгаа юм шиг л санагдсан. Тасархай.

– У.Оргил агсантай та хэр дотно байсан бэ? Эхнэр нь талбайд гарч ирж харагдсан.

Гоё асуулт байна. Их дотно байсан. Тэр хүнийг бөмбөг залж ороод алдсан ч хамаагүй, оролтыг хараад хүмүүс алга ташдаг, суудлаасаа босдог. Тийм агуу тоглогч байсан. Хүний хувьд бол үнэхээр гоё хүн. Өндөр боловсролтой, олон хэлтэй. Шигшээ багаар тоглолтод явахаар бид хоёрыг өнгө ойролцоо гээд нэг өрөөнд оруулдаг байсан. Надад маш их юм заасан, сургасан, ойлгуулсан. Миний дээд үеийн ах л даа. Гэхдээ бид хоорондоо У.Оргил гэж дууддаг байсан. Би хүртэл “Оргил оо, хоёулаа хамт сагсны секц хичээллүүлэх үү. Хоёулаа хамт юм хийх үү” гээд ярьж байсан үе бий. Ер нь бол хүний хувьд их гоё хүн. Дээд лигт тоглохоо больсон ч гэсэн зодог тайлах ёслол хийгээгүй. Зодог тайлаад “Sprite” лигт дүү нартайгаа тоглоод л явж байдаг. Тийм л энгийн даруухан, агуу хүн. Би ч гэсэн түүнийг дуурайхыг хүсдэг. Эхнэрийг нь “UG Arena”-д орж ирэхэд, би уйлах гээд л байсан. Оргилдоо “Хайртай шүү” л гэж хэлье дээ. Тэр хүнтэй шигшээ багт цуг тоглосон минь нэр төрийн хэрэг.

-Таны уран, гоёмсог дамжуулалтуудыг сагсанбөмбөгчид харах дуртай шүү дээ. Ер нь та талбай дээр гоё дамжуулалт өгөх гэж гарч байсан уу?

Хүн гоё харагдах гэж талбайд гардаггүй. Тийм байж болохгүй. Харахгүйгээр хаяад байгаа дамжуулалт бол тухайн үед мэдрэмжээрээ л өгч байгаа бөмбөг. Бүх оддын тоглолт дээр ч гэсэн Б.Одбаяр маань дагаад ороод ирсэн. Мэддэг хүн учраас. Хэрвээ Одгий дагаж орж ирээгүй бол оноогоо авна шүү дээ. Намайг Бүх оддын тоглолтод орохыг сонсоод “No look pass”-аа хоёроос гурван удаа заавал хийгээрэй” гэж олон хүн захисан. “Тэрийг чинь л харахыг хүсэж байна шүү” гээд Австралид байгаа хүмүүс хүртэл ярьсан. Тэгээд тэр дамжуулалтаа хийх гэж үзлээ /Инээв/.

-Тамирчид олон хочтой байдаг. Та хэдэн хочтой вэ?

“Баганат өргөө”-д байхад намайг “snake” /могой/ гэж дууддаг байсан. Бусад нь “буурал”, “хар” гэж дуудах үе зөндөө бий. Харин сая Бүх оддын тоглолтын дараа намайг “Саарал шоколад” гэж нэг хүн нэрлэсэн байсан. Цагаан шоколад /White Сhocolate/ хочтой “Виллиамс” гээд тоглогч байдаг шүү дээ. Тэрэн шиг /Grey Сhocolate/ гэж хүмүүс ярьж байна лээ. Тэгээд яах вэ, авахыг нь аваад л явдаг /Инээв/

-Таны хамгийн сайн хамтрагч хэн байсан бэ?

Сайн хамтрагч гэвэл мэдээж олон байгаа л даа. Гэхдээ онцолж хэлбэл “Баганат өргөө” багаас хамт тоглож байсан Н.Батбаатар гээд найз маань байна. Бид багаасаа хамт тоглосон, жижигхэн зайгаар ч хамаагүй бөмбөг дамжуулдаг байсан. Би өөрөө нэг номер дээр байгаагүй. Хоёр дээр тоглодог байсан. Тийм учраас Н.Батбаатар найзыгаа заавал хэлмээр санагдаж байна.

Дээрээс нь би 2005 онд тэргүүн тоглогч болсон. Тэргүүн тоглогч болоход минь хамгийн их тусалсан хамтрагч маань Л.Чинзориг, А.Даваадаш төвийн тоглогч байна. Оноо авах хамгийн их боломжийг энэ хоёр маань гаргаж өгсөн. Би ер нь төвийн тоглогч нартайгаа хамгийн их харьцаж тоглодог байсан. Тэдгүй бол би тэргүүн тоглогч болоход хэцүү шүү дээ.

-Залуу хойч үедээ юу гэж захих вэ?

Хамгийн чухал нь “Тууштай байгаарай” л гэж хэлье. Дээрээс нь хүнтэй сайхан нөхөрлөдөг, хүндлэлтэй яваарай. Харилцаа их сайтай байх ёстой. Сагс тоглоод, мундаг тамирчин болоод, биеэ тоогоод байхгүй, өөрөөрөө л байх гоё. Тэгээд хичээгээд, хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрдэг шүү.

-Таны бодлоор сагсан бөмбөг гэж юу вэ?

Сагсан бөмбөг бол тэр чигээрээ гэр бүл, хүндлэл, тэсвэр тэвчээр. Эхнэрээ ч гэсэн энэ гэр бүлээс олж авсан.  

-Та Австрали улсад суурин байна уу. Ямар ажил эрхэлж байна?

Би Австрали улсад бусдын адил барилгын ажил хийж байгаа. Дээр нь “BIG DREAM” гээд сагсан бөмбөгийн клуб ажиллуулаад, хэдэн жил болчихлоо. Одоогоор 6 багтай. Нас насны ангилалд дан монгол хүүхдүүд гадаадынхантай үзээд л байж байна.

 -Сагсчид ер нь яагаад Австрали руу яваад байна вэ?

Австрали улсад ажиллах, амьдрах орчин өөр л дөө. Бид мөнгө хийх зорилгоор яваагүй. Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө л тэнд байгаа. Ер нь бид чинь бүгдээрээ л Монголдоо амьдрах мөрөөдөлтэй хүмүүс шүү дээ. Яалт ч үгүй л тэнд байна. Гэхдээ яах вэ, зорьсон зорилго минь бүтчихвэл Монголдоо удахгүй ирнэ ээ.

-Бидэнд цаг гаргаж ярилцсан танд маш их баярлалаа.

Баярлалаа. Баяртай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *