“Трансперэнси-Интэрнэйшнл” олон улсын байгууллагаас улс орнуудын 2024 оны авлигын төсөөллийн индексийг танилцуулсан. Энэ дүнгээр манай улсын үнэлгээ сүүлийн 3 жилд огт хөдлөөгүй буюу ахицгүй байгаа нь тодорхой болсон юм. Тэгвэл “Транспэрэнси-Интэрнэйшнл” байгууллагын энэ үнэлгээ Монгол Улсад яг ямар эрсдэл авчрах талаар тус байгууллагын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяраас тодрууллаа.
– Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс шат ахисан мэт мэдээлэл байна. Гэвч авсан үнэлгээ огт өсөөгүй харагдах юм. Энэ талаар танаас тодруулъя
– “Транспэрэнси-Интэрнэйшнл” байгууллага энэ жил 8 эх сурвалжийн хүрээнд авлигын төсөөллийн индексийг гаргалаа. Өөрөөр хэлбэл олон улсын судалгааны 8 байгууллагын тайлан мэдээллийг үндэслэж, улс орнуудын авилгын төсөөллийн индексийг гаргасан гэсэн үг. Оноо өндөр байх тусам сайн. Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд 33 оноотой явна. Түүнээс өмнөх 5 жилд 35 оноотой байлаа. Онооны хувьд Дэлхийн дунджаас маш доогуур. Тодруулбал ардчилал нь хямралд орсон орнуудтай ижил үнэлгээг сүүлийн жилүүдэд олон улсын судалгааны байгууллагуудаас бид авч байна. 2024 оны Авлигын төсөөллийн индексийн эрэмбээр Монгол Улс 180 орноос 114-т орсон. Гэхдээ энэ үзүүлэлт авлига буураад байгаа гэсэн сайн үзүүлэлт огт биш. 33 оноо огт нэмэгдээгүй, өөрчлөгдөөгүй байгаа нь Монгол Улс авлигын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй байгаагийн тод жишээ гэдгийг онцолж хэлэх шаардлагатай.
–Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход манай улс ямар ямар үзүүлэлтээр муу үнэлгээ авсан бэ?
– АТИ-ийн 8 эх сурвалжийн үнэлгээнээс Монгол Улс 5 үнэлгээгээр унасан үзүүлэлттэй, 3 эх сурвалжийн үзүүлэлтээр өссөн үзүүлэлттэй. Тогтвортой үзүүлэлт байхгүй байна. Энэ үнэлгээнд голлон нөлөөлсөн “V-DEM” Ардчиллын олон талт байдлын индексийн үзүүлэлтээр манай улсын үнэлгээ ч мөн адил буурсан. Буурах буурахдаа маш өндөр хувиар буурсан нь Монгол Улсын Авлигын төсөөллийн индекс 33 онооноос өсөхгүй байгаагийн гол шалтгаан болж байгаа юм. Ардчиллын олон талт байдлын индекс буурахад төрийн албан хаагчдын мэдрэмжгүй байдал нөлөөлж байгаа. Тиймээс манай байгууллага өмнө нь зөвлөмж хүргүүлсэн.
Мөн Монгол Улсад батлагдсан хууль тогтоомжууд огт хэрэгжихгүй байна. 1100 орчим журмыг хуульчилсан байгаа юм. Гэвч эдгээр зохицуулалт огт хэрэгжихгүй байна. Төрийн албаны зөвлөл ажлаа хийдэггүй юм уу эсвэл төрийн байгууллагууд ажлаа хийдэггүй юм уу? Эсвэл аль аль нь ажлаа хуулинд заасны дагуу хийж хэрэгжүүлэхгүй байна уу? Авлигатай тэмцэх газар хариуцлага тооцох асуудлаар ямар нэгэн мэдээлэл огт өгөхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн мэдээллээс харахад ч ямар нэгэн хариуцлага тооцсон тухай мэдээ мэдээлэл огт гараагүй. Гэтэл иргэдээс төрийн байгууллагуудын эсрэг гаргасан гомдол огт тасрахгүй байсаар. Ажлын байран дахь бэлгийн дарамт, төрийн албанд нийцэхгүй хүнийг томилсон зэрэг гомдол байнга л яригдаж байдаг. Шийдвэрлэгдсэн 1 ч гомдол алга байна шүү дээ. 2024 онд “Ардчиллын олон талт индекс”-ээр Монгол Улс түүхэн доод оноо авлаа. Өнгөрсөн 2023 онд 25 оноотой байсан бол энэ жил 21 оноо авсан. 100 онооноос 21 оноо авна гэдэг бол ардчилал нь хямралд ороод, нөхцөл байдал нь маш хүнд болсон гэдгийг харуулж байгаа гол үнэлгээ. Түүнчлэн авлигын төсөөллийн индексээр
Монгол Улс оноо ахихгүй байгаагийн бас нэг чухал шалтгаан бол иргэдэд тавьж буй хориг, хязгаарлалт. Хуулиа харахад элдэв хориг хязгааргүй мэт.
Гэвч практик дээр иргэд рүү чиглэсэн хориг, хязгаарлалт маш их байна. Энэ нь ковидоос хойш эрс өссөн. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхэд хууль сахиулах байгууллага ихээхэн халдах болсон. Энэ бол хувь хүмүүсийн үзэл бодлоор гаргасан дүгнэлт биш. Олон улсын байгууллагын судалгаа, шинжилгээгээр батлагдсан факт гэдгийг онцлох хэрэгтэй. Төрийн эрх бүхий байгууллагуудын өнгөрсөн хугацаанд Женевт очиж тавьсан хүний эрхийн тайлан мэдээлэл, тоо, баримт нотолгоо, хохирогчдоос авсан мэдүүлэг зэргээс нэгтгэж дүгнэсэн дүн шинжилгээ юм. Энэ дүгнэлтээр Монгол ардчилсан улс боловч иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд эрсдэл байна гэсэн үг. Хуульд байхгүй хориг, хязгаарлалтыг хэрэгжүүлснээ Монгол Улсын төрийн байгууллагууд өөрсдөө ч хамгаалж чадаагүй байна. Ингээд иргэдийн үндсэн эрх хэрэгжихгүй, дээр нь хууль тогтоомж нь бичигдсэнээрээ хэрэгжихгүй байгаа зэрэг нь Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг хамгийн их хойш чангаадаг гол хүчин зүйлсийн нэг юм. Судалгааны байгууллагуудаас Монгол Улсын авч байгаа бүх үнэлгээ уналттай гараад байгаа. Зөвхөн авлига, ардчиллын индекс ч биш. НҮБ-ын Хүний эрхийн тайлан дээр ч тэр, Иргэний нийгмийн байгууллагуудаас өгч байгаа илтгэлүүдэд ч гэсэн муу үнэлгээ авсаар байна. Энэ бол маш ноцтой асуудал гэдгийг энэ бүх дүгнэлт харуулж байгаа юм. Иргэдийн үндсэн эрх хэрэгжихгүй, хууль тогтоомж бичигдсэнээрээ хэрэгжихгүй байгаа өнөөгийн нөхцөл байдал биднийг олон улсад улам муухай харагдуулж байна гэсэн үг.
– Олон улсын судалгааны байгууллагын ийм сөрөг дүгнэлтүүд Монгол Улсад ямар хор уршиг авчирч болох вэ?
– Авлигын төсөөллийн индекс муу гарснаар хамгийн том цохилт үзүүлдэг хэсэг бол хөрөнгө оруулалт орж ирэхэд шууд нөлөөлнө. Иргэдийн авах зээлийн хүү илүү өндөр болно гэсэн үг. Гэвч Монголын төрийн байгууллага авлигын төсөөллийн индексийг огт нөлөөгүй мэтээр мэдээлж байсан жишээ бий. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид 2 л үзүүлэлтийг хамгийн түрүүнд хардаг. Энэ нь авлигын төсөөллийн индекс, улс төрийн тогтвортой байдал. Өөр үзүүлэлтийг огт сонирхдоггүй. Монгол Улсын эрсдэл өндөр байх тусмаа авч байгаа зээл өндөр хүүтэй орж ирнэ гэсэн үг. Энэ өндөр хүү иргэдийн банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн хүүнд заавал шингэнэ. Ингээд бодохоор авлигын төсөөллийн индекс Монгол Улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлнэ гэдгийг бид мартаж болохгүй.
–Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.