“Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” хэмээх дуунаар олон хүүхэд шинэ өглөөг угтдаг байсан, одоо ч угтаж буй. Энэ дуу зохиогдоод 60 жил өнгөрчээ. Хүнээр бол өтөл нас. Хүн бүр дууг нь аялсаар байдаг ч дуучныг нь төдийлөн дурсдаггүй байж мэдэх юм.
Энэ дууны эзэн бол Ерөөлтийн Наранцэцэг. Тэр одоо 80 нас шүргэж яваа, алтан үеийн дуучдын нэг. 60 жилийн өмнө 20 хүрэхгүй залуу насандаа өвөрмөц хоолойгоороо үеийнхнээсээ тасарч, энэ дууг гоцлон дуулсан тэр нэгэн эрхэм өнөөдөр ч яг хэвээрээ дуугаа дуулсаар явна. Энэ дууг бидний сэтгэл зүрхэнд хоногштол амьдруулж чадсан хүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэр ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч, ярилцлага өгөөд байдаггүй нэгэн билээ. Тэгвэл бид “Гэгээн өглөө сайн байна уу” дууны эзэн Ерөөлтийн Наранцэцэгтэй уулзаж, ярилцлаа.
-Танаар сонин сайхан юутай байна вэ?
Өө гэр зуураа л байх шив дээ. Сүүлийн хэд хоног Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан мастеруудын тоглолтод оролцох гээд сургуулилалт хийгээд л баяр хөөртэй л явж байна. 75 жилийн ойгоороо сайхан тоглолт хийчих юм сан. Тэгээд л боллоо. Миний бараг сүүлчийн тоглолт болох байх аа даа.
-“Гэгээн өглөө сайн байна уу” дууг мэдэхгүй хүн байхгүй байх. Та энэ дуутай анх яаж холбогдож байв?
1965 онд 9-р ангид байсан санагдаж байна. Урлагийн сургуульд байхдаа гурван охины хамт “Гэгээн өглөө сайн байна уу” дууг хамгийн анх дуулж байлаа. Энэ дууг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа багш маань зохиож, Монголын радиогийн фондод анх бичүүлсэн. Энэ дуу зохиогдоод, би дуулаад 60 жил болж байна. “Гэгээн өглөө сайн байна уу” маань тэр үеийн социализмын нийгмийг бүхэлд нь харуулсан дуу шүү дээ. Ж.Шараа багш Хөгжим бүжгийн сургууль дөнгөж төгсөөд ирсэн, залуухан багш байсан. Миний анхны багш бол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад.



-Таны хоолойг ямар хоолой гэдэг юм бэ? Их өвөрмөц шүү дээ.
Хүүхдийн хоолой гэж дууддаг. Ер нь хүүхэд томрох тусам хоолой нь бүдүүрдэг. Яг хүүхэд шиг цангинасан хоолойтой хүн их цөөхөн. Ер нь цаашид ч ховор төрөх байх. Цаанаасаа бурхан заяасан хоолой гэж боддог. “Гэгээн өглөө сайн байна уу” дуу Монголын бүх ард түмнийг сэрээж байсан даа. Ялангуяа одоогийн сайд, дарга нар миний дуугаар хүмүүжсэн улсууд. Энэ дуу 100 жил элбэг амьдарна.
-Та хэдэн одонтой вэ?
“Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон гоё байгаа биз. Хүүхдийн төлөө фондын шагнал гэж их гоё тэмдэг байдаг. Ю.Цэдэнбал даргын эхнэрээс авч байсан. Одоо Хүүхдийн төлөө фонд гэж яриад байгаа биз дээ. Тэр шагналыг авч байсан цөөхөн хүн байдаг.

-Хүмүүс таныг гавьяат жүжигчин гэж их андуурдаг. Яагаад одоог хүртэл танд гавьяат цол өгөөгүй юм бол?
Дүүрэг, яам гэж яваад тодорхойлолт Ерөнхийлөгчийн тамгын газарт очдог юм. Тэгээд авахын даваан дээр байхгүй болчихдог. Яагаад юм бол? Учрыг нь ойлгодоггүй. Одоо яах вэ дээ, залуучууд алдар цол их авч байна. Хүн юм чинь нас яваад ч тэр юм уу, амьд байгаа дээрээ авчих юм сан гэж хүлээдэг юм байна. Улсууд намайг гавьяат жүжигчин гэж их ярьдаг, их сонин. “Гавьяат болоод ардынх биз дээ” ч гэж байх шиг. “Юуных нь ардынх байтугай гавьяат ч үгүй” гэж хошигнодог юм. Би бол сэтгэл дүүрэн байдаг. Яагаад гэвэл Монголын ард түмэн намайг хүүхдийн дуучнаар минь таньдаг болохоор. Гадуур явахаар “Нөгөө хүүхдийн дуучин ямар гоё вэ. Хэвээрээ байна” гэхээр нь би их баярладаг. Энэ хөөрхөн бяцхан маамуунуудын минь буян гэж боддог. Буяныг нь эдлээд явж байна.
-Одоогийн дуучид ам барьдаг гэж хүмүүс их шүүмжилдэг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
Техник, технологи хөгжөөд дуулдаггүй хүн дуулдаг болчихсон байна шүү дээ. Хуучны дуунуудын шүлэг, аялгуу их гоё. Одоогийн дуунууд нэг л хэвийн аятай байна. Яагаад гэхээр залуучууд ам их барих юм. Дуу хоолой нь алга болчих вий дээ. Дуучин хүн нэг тоглолт хийгээд ядарна. Үргэлж нэг хоолойгоороо байна гэж байхгүй. Сайхан сайхан дуулж байгаа хүүхдүүд байна. Гэхдээ тэр фонограмм дээрээ анхаарах хэрэгтэй байгаа юм.



– Алтан үеийн төлөөллүүдтэй та их ойр байсан байх аа?
Тэгэлгүй яах вэ? 1967 онд жинхэнэ ододтой ажиллаж байсан. Н.Норовбанзад, С.Сүглэгмаа, Б.Лхамжав, Г.Дорждэрэм, Г.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн гэх мэт ямар агуу хүмүүс байсан гэж бодно. П.Адарсүрэн бол их өвөрмөц, их уянгын, их гоё эвсэг, сайхан дуучин. Хэлэх юм байхгүй. Бид хоёр 1975 онд зэрэг дуулж гарч ирсэн. Одоо бид хоёрын зураг зарим сонинд хэвлэгдсэн байдаг.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа
Баярлалаа. Баяртай.