Л.Оюун-Эрдэнийн өдрийн бодол, шөнийн зүүд биелэх нь


Ерөнхий сайдын гол реклам, Засгийн газрын гишүүдийн амны уншлага болоод буй 14 мега төслийн эхнийх нь өнөөдөр гараанаас гарлаа. Мега төслүүдийн хамгийн эхэнд бичсэн, онц чухал төсөл нь Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох байв. Эдгээр боомт руу хоёр талаас тавьсан төмөр замаа холбож, шилжүүлэн ачих терминал барих хэлэлцээрт Монгол, Хятад улсын Засгийн газрын гишүүд өнөөдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурна.

Энэ төмөр замаар жилд хамгийн багадаа 30 сая тн ачаа тээвэрлэнэ. Үүгээр тээвэрлэх ачааны ихэнх нь Тавантолгойн нүүрс байх нь анхнаасаа тодорхой байгаа. Тавантолгой ордоос экспортлох нүүрсний хэмжээг 70 сая тн хүртэл өсгөж, нүүрснээс олох орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд энэ төмөр зам гарцаагүй чухал. 2024 онд манай улс 83.7 сая тонн нүүрс экспортолсон. Үүний жаахныг Зам-Үүдээр, ихэнхийг нь Гашуунсухайтаар машинаар зөөсөн. Одоо ч энэ л замаараа, өнөөх л аргаараа зөөж байна. Зөөгөөд зөөгөөд үүнээс ихийг зөөх боломжгүй. Чинээндээ тулчихлаа.
Тиймээс эдгээр боомтыг төмөр замаар бушуухан холбож, Тавантолгойгоос ахиухан нүүрс вагоноор зөөх нь Л.Оюун-Эрдэнийн өдрийн бодол, шөнийн зүүд болоод байна. АН, ХҮН-тай МАН нэг хөнжилд орсон шалтгааны нэг нь ч энэ. Хамтарсан Засгийн газар байгуулж, эдгээр намаас ирэх аюулыг дарж авахгүй бол энэ боомтуудыг төмөр замаар холбож чадахгүй байсан ч байж мэднэ. Тэртэй тэргүй 10 жил таг гацсан төмөр зам шүү дээ.

Эдгээр төмөр замаар нүүрс тээвэрлээд эхэлбэл манай улс чадвал 2028 оноос, чадахгүй бол 2029 оноос жилд 120 сая тонн нүүрс гаргана. 2030 оноос бүр 160 сая тонныг зөөнө. Ингэж их хэмжээний нүүрс гаргаж байж манай улс 14 мега төслөө хэрэгжүүлэх мөнгөө олж авах юм. Тэгэхгүй бол Монгол гэдэг хоосон, туйлбаргүй улсад мөнгөө өгөх хөрөнгө оруулагч олддоггүй ээ. Эдгээр төмөр замыг 14 мега төслийнхээ 1-рт бичсэний учир ч ийм.

Хил дээр холбох төмөр замуудаас газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт-Ганцмод боомтынх төвөгтэй гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярьсан. Энэ төмөр зам олон голын сайрыг дайрна. Говьд үер буухад төмөр замын далан урсчихдаг явдал Монголд бишгүй л тохиолдож байгаа. Тиймээс эдгээр голын сайрыг анхаарах ёстой. Сайр гэдэг бол түүгээр үер урсаж ирнэ ээ л гэсэн тэмдэг. Үүний зэрэгцээ газрын хотгор, гүдгэрээс шалтгаалан өндөр, намын зөрүү үүсэж буй аж. Гэхдээ инженерүүд эдгээр асуудлыг шийдэж, төмөр замаа холбох нь мэдээж.

Бүтээн байгуулалтыг 4 дүгээр сараас эхлэх төлөвтэй байна. Нэгэнт ажил эхэлбэл, 3 жилийн дараа 2028 онд төмөр замаа нээн, тууз хайчилна. Гэхдээ ихэд яарч байгаа манай эрх баригчид Хятадын талтай энэ талаар ярилцаад, 2.6 жилийн дотор амжуулахаар тохирсон байна. Үүнд 976 тэрбум төгрөг зарцуулна. Энэ их мөнгийг манай улс аль болохоор багасгахаар зорьж, ганц гарц олсон нь гүйцэтгэлийнх нь шатанд зардлаа хэмнэх аж. Үүнийг Зам, тээврийн сайд хариуцжээ. Өрөө мэдээж “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр, нүүрсээ зарж олсон мөнгөөрөө төлнө. Бартер, оффтейк гэрээ, нүүрсээр төлөх гэсэн ойлголт байхгүй. Мөнгөөр төлөх юм байна. Төмөр зам 5.8 жилийн хугацаанд өртгөө нөхнө. 1 тонн нүүрсийг эл замаар зөөхөд 45 цент зарцуулахаар тооцжээ.

Эдгээр төмөр замыг холбох асуудыг Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдэхээр болсон. Энэ хэлэлцээрийг батлах үндсэн чиглэлийг УИХ-ын тогтоолоор баталсан. Засгийн газар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт 2 дугаар сарын 6-нд олгосон юм.

Энэ хүрээнд өнөөдөр хоёр улсын Засгийн газар хэлэлцээр хийгээд, хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр гарын үсэг зурна. Уг хэлэлцээртэй хамт хоёр улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгүүдийн протоколыг мөн албажуулна. Үүний дараа Монгол Улсын хуулийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон батална. Ингээд хууль, эрх зүйн хүрээнд гаргах ёстой шийдвэрүүд дуусна.

Үгээр бүтээн байгуулалтын ажил ундарна. Монгол, Хятад улсын компаниуд хооронд гэрээ байгуулж, ажилдаа орох ёстой. Хоёр улсын Засгийн газар хооронд уг төслийг төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлнэ.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй.  “Чайна-Энержи” компани манай Тавантолгой бүлэг ордын Ончхараат, Бортолгой гэсэн 2 ордоос 16 жилийн турш нүүрс олборлоно. Ингэхдээ эхний 4 жил буюу 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байхаар тохирсон байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтод хил дамнасан төмөр зам тавихад царигийн маргаан дахин үүсэхгүй. Төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл бэлэн байгаа аж. Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19.5 км өргөн царигаар жилд 30 сая тн, нарийн царигаар жилд 10 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Үүнийг тавих технологит хугацаа нь 24 сар. Уг ажлыг нэг зураг төслөөр нэг гүйцэтгэгч хийнэ. Гүйцэтгэгчийг Хятадын тал сонгон шалгаруулж, манай улс өөрт оногдох зардлаа төлнө. Энэ төмөр замаар лав 16 жил нүүрс тээхээр Ерөнхий сайд 2024 онд Хятадад айлчлахдаа тохирсон юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *