Нүдний тэмбүү, мэдрэлийн тэмбүү бүртгэгдэх болжээ


2024 онд бэлгийн замаар дамжиж тархдаг өвчний халдвар манай улсад өсжээ. Нийтдээ 12152 тохиолдол бүртгэгдсэний 43,2 хувийг тэмбүү, 33 хувийг заг хүйтэн, 23,7 хувийг трихомониазын өвчлөл эзэлж байна. Харин ХДХВ буюу ДОХ-ын халдварын 19 тохиолдол шинээр бүртгэгджээ. Зөвхөн бэлгийн замаар дамжих халдварт өвчин нийт халдварт өвчний 32,6 хувийг дангаараа эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт гэдгийг эмч мэргэжилтнүүдийн зүгээс мэдэгдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд ХДХВ-ын халдварын тохиолдол харьцангуй цөөн бүртгэгдэж байгаа ч тэмбүү өвчний тархалт улам газар авсаар байгаа мэдээлэл бий. Ганцхан жилийн дотор тэмбүүгийн тохиолдол 1041-ээр өссөн дүн гарчээ. Хүний цуснаас хэзээ ч салдаггүй тэмбүү өвчний тохиолдол улс орон даяар жигд тархацтай буюу тэмбүүгүй газар бүртгэгдэхгүй байгаа нь анхаарах сэдэв болоод байна. 2024 онд тэмбүүгийн халдварууд их бүртгэгдэж байгаа аймгуудад Дорнод, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд болоод Улаанбаатар хот нэрлэгджээ.  Тэмбүү өвчин нь бусад бэлгийн замын халдваруудтай харьцуулахад хүний бүх эрхтэн системийг өвчлүүлдэг маш аюултай өвчин гэнэ. Тэмбүү өвчний хүндэрсэн тохиолдол өмнө нь ном сурах бичгүүдэд дурсагддаг сэдвүүдийн нэг байсан бол сүүлийн жилүүдэд нүдний тэмбүү, мэдрэлийн тэмбүү хүртэл бүртгэгдэж эхэлсэн нь эмч мэргэжилтнүүдийн санааг чилээх асуудлын нэг болоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *