Үйлчилгээний салбарт бөхөлзөх монгол хүн байхгүй бол …..


Байгууллагын тулгуур 7 баганын 1 нь угтах, үйлчлэх соёл хэмээнэ. Хүмүүс үнэтэй ресторанд орж, мөнгө төлдгийн гол учир нь үйлчилгээний соёл мэдрэхийн тулд юм.

“Зан сайтай айлд хүн бүхэн цуглана. Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана” гэдэг шиг харилцаа хандлага сайтай газар хүний хөл тасрахгүй. Энэ нь эргээд байгууллагын эдийн засаг, ажилчдын цалин хөлс нэмэгдэх давуу тал болж өгдөг. Тэгвэл манай улсад угтах, үйлчлэх соёл ямар түвшинд байгаа вэ? Бид аливаа нэг албан байгууллага, худалдааны төв, ресторанд орохдоо үйлчилгээний соёл, эерэг хандлагыг мэдэрч чаддаг уу? Энэ талаар иргэдийн байр суурийг хүргэе.
Д.Батнасан: Манайхны үйлчлэх соёл бол хэцүү дээ. Ярвайгаад, хөмсгөө зангидаад л. Дургүй байвал гараач дээ л гэсэн хандлага ажиглагддаг. Монголчууд ер нь хүний өмнөөс ажил хийж байгаа юм шиг байдаг хүмүүс. Ёстой юу ч хэлэх вэ дээ.
Г.Ариунболор: Яг нийтэд нь аваад үзэхэд муу л гэж хэлнэ дээ. Хоёр гурван удаа дуудаад юм асуухад л царай нь өөрчлөгдөөд, аашлаад эхэлдэг. Үйлчилгээнд ажиллах хэцүү гэдгийг би мэднэ. Гэхдээ нэгэнт л ажил хийж байгаа бол хийсэн шиг хийх ёстой байх. Мөнгө төлөөд үйлчлүүлж байгаа, юм худалдан авч байгаа хүнд сэтгэл ханамжийн баталгаа өгөх хэрэгтэй. Зүүн өмнөд Азийн орнууд бол тэс өөр. Үнэхээр өөр байдаг. Ёстой үйлчилсэн шиг үйлчилдэг юм билээ. Манайхан суралцах хэрэгтэй байх гэж боддог” гэв.


Хоёр хоногийн өмнө дэлгүүр орлоо. Миний авах гэсэн барааны төрөл нь лангуун дээр байхгүй байсан тул заалны үйлчлэгчээс асуутал “Дууссан юм байлгүй дээ. Цагийн ажилтан ирэхээр агуулахаас гаргаж өрүүлнэ” гэж хэлээд яваад өгөв. За тэгээд байгаа төрлийг нь аваад кассан дээр оочирлолоо. Худалдагч охин миний өмнө зогсож байсан залууд “Хариулт мөнгө байхгүй байна. Та өөр юм авчих” гээд шууд л нэг юм аваад, уут руу нь хийчихлээ. Нөгөө залуу ч ёжтой инээмсэглээд, юм хэлсэнгүй гараад явав. Тэгсэн өнөөх охин араас нь “Хачин юм чинь 400 төгрөгийн хариулт дээр сүр болоод байх юм” гэж хэлэв. Энэ мэтчилэн үйлчилгээний байгууллагад соёлгүй, бүдүүлэг зан хаа сайгүй. “Үйлчлүүлэгч хаан” гээд увайгүй үйлдэл гаргадаг үйлчлүүлэгчийг шүүмжилдэг. Гэвч үйлчилж байгаа байгууллага, үйлчилгээнд зогсож, ажиллаж байгаа хүмүүсийн харилцаа хандлагаас ихэнх зүйл хамаарна.


“Инээмсэглэлээр угтана” гэсэн уриатай ч ярвайсан ажилчид угтдаг нь худал биш юм. Хүргэлтийн үйлчилгээ нэвтэрснээс хойш “Гарч ирээд бараагаа авчих уу. Орцны үүдэнд ирчихлээ” гэж залгадаг хүнтэй олон таарав. Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх нь сайн хэрэг ч нэн түрүүнд үйлчилгээний соёлыг сайжруулах шаардлага үүсэж буй.


Манай улс ажиллах хүчний хомсдолд ороод байгаа. Гэтэл гаднаас ажиллах хүч авах хуулийг хүмүүс эсэргүүцдэг. Дан ганц барилга, хөдөө аж ахуйд хүн, хүч дутагдаад байгаа юм биш. Албан байгууллагуудын угтах, үйлчлэх салбарт ч хүн хүч хомсдоод байна. Монголчууд ажил тасалдаг, худлаа хэлж чөлөө авдаг, хэд хоногоор архидан согтуурдаг гээд ажлын байранд тавих шаардлагыг төдийлөн сайн хангадаггүй. Угтах, үйлчлэх соёлтой бүүр ч ярилтгүй.

“Ресторанд ороод хоол идэхдээ зөөгчийг нь олон дуудаж, юм асуухаас айдаг”, “Өлгүүрт хувцсаа өлгүүлээд, буцааж аваад, гараад орж ирэхдээ дахиад өлгүүлэхэд хэцүү байдаг” гэж олон хүн хэлж байв. Яривал дуусахгүй олон жишээ бий. Сүүлдээ энэ салбарт ажиллах залуус ч ховор болж. Мөн зарим газар цалингаа өгдөггүй, өглөө ч тохирсон хугацаанд цалингаа тавьдаггүй гээд дээр дооргүй асуудал байна.


Нэгэн иргэн цахим хуудсандаа дараах постыг оруулжээ.
“Улаанбаатар” зочид буудал Мяньмар улсаас үйлчилгээний ажилчид авчээ. Давхардсан тоогоор 1000 гаруй хүн холхиж байхад 00-ын цаас дуусаж, баас нь хальсангүй. Суултуур, угаалтуур нь байнга цэвэр. Хогны сав нь ч цэвэрхэн. Гадуур нь унасан шээстэй цаас алга. Өлгүүрээс хэдэн ч удаа хувцсаа авч, өгөхөд ярвайсангүй. Бас байнга дулаахан инээмсэглээд зогсож байх юм. Ер нь хүндээ л байсан юм биш үү дээ. Нэгэнт үйлчилгээнд ажиллах босоо монгол хүн байхгүйгээс хойш гадаадаас ажилчид оруулж ирэх нь зөв байсан юм биш үү” гэжээ.
Үнэхээр манайхан угтах, үйлчлэх соёлд суралцахгүй, үйлчлүүлж байгаа хүнээ таагүй байдалд хүргэдэг байдлаа больж чадахгүй бол өөр улсаас ажилчид оруулж ирж болох бус уу? Дэлхийн жишгийг дагаж үйлчлэх гэж байгаа бол соёл нь ч Дэлхийн жишгийнх байх ёстой. Гэвч энэ асуудлыг хэн хэрхэн шийдэхийг таашгүй юм даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *