Канадын Торонто хотын Пийрсоны нисэх онгоцны буудалд Америкийн зорчигч тээврийн онгоц газардах үедээ осолдож, хөмөрсний улмаас нэг хүүхэд, хоёр том хүн маш хүнд гэмтэл авсан талаар Канадын онцгой байдлын албаны зүгээс мэдэгдлээ.
Торонтогийн Пийрсон нисэн онгоцны буудлын зүгээс буруу тийшээ харч осолдсон уг онгоцыг Америкийн Миннеаполис хотоос ирсэн Delta Air Lines компанийн онгоц хэмээн мэдээлж, АНУ-ын Холбооны агаарын тээврийн газраас үүнийг нь батлаж, тус онгоц Delta Air Lines компанид харьяалагддаг Endeavor Air компанийн Bombardier CRJ900 загварын онгоц байсан бөгөөд 4819 дугаарт нислэгийг үйлдэж байсан уг онгоцонд 76 зорчигч, хөлгийн багийн 4 гишүүн гээд нийт 80 хүн байжээ.
Азаар ослын улмаас хүний амь нас үрэгдээгүй байна. Түргэн тусламжийн албаны зүгээс ослын дараагаар 15 хүнийг эмнэлэгт хүргэснээс дээр дурьдсан хүнд бэртэл авсан 3 хүн буюу бага насны хүүхэд, 60-аад настай эрэгтэй болон 40-өөд настай эмэгтэйн биеийн байдал хэцүү байгаа гэнэ.
Delta Air Lines-ийн Bombardier CRJ900 онгоцны осол орон нутгийн цагаар даваа гарагийн 15:30 цагийн орчимд болсон ба ослын дараагаар Пийрсоны нисэх онгоцны буудлыг богино хугацаанд хаасан боловч 17:00 цагийн орчимд тус нисэх буудалд бууж, хөөрөх нислэгүүдийг эргэн сэргээсэн байна.
Канадын тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс ослын шалтгааныг тогтоох зорилгоор мэдээлэл цуглуулах тусгай багийг Пийрсоны нисэх онгоцны буудалд илгээгээд байгаагаа мэдэгджээ.
Нисэх онгоцны буудлын цасанд хучигдсан хөөрөх талбайд буруу тийшээ харж, хөмөрч осолдсон онгоцны зургууд нийгмийн сүлжээнд тархаад байгаа бөгөөд тэдгээр зургуудаас харахад онгоцны нэг далавч нь тасарсан харагдаж байгаа юм.
Канадын Онтарио мужид их хэмжээний цас орж, агаарын хэм огцом хүйтрээд байгаатай холбоотойгоор Пийрсоны нисэх онгоцны буудалд бууж, хөөрөх нислэгүүдийн хуваарь сүүлийн хэдэн өдөр нэлээд хойшлогдоод байсан ажээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва болон ням гарагуудад Торонто хотод орсон цасны хэмжээ 30-50 см байсан байна. Онтарио мужийн захирагч Даг Форд орон нутгийн эрх баригчид болон нисэх онгоцны буудлын албаныхантай холбогдож, шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлэх болно гэдгээ илэрхийлжээ.
Түүнчлэн онгоц осолдох үеэр цас хаялж, салхины хурд 64км/цаг байсан ба нисэх онгоцны буудлын зүгээс цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа талаар анхааруулж байжээ.
Сүүлийн нэг сарын дотор Хойд Америкийн бүс нутагт ийнхүү дөрвөн онгоцны осол гараад байна. Үүнээс хамгийн аймшигтай осол АНУ-ын нийслэл Вашингтон хотын Рональд Рейганы нисэх онгоцны буудлын ойролцоо зорчигч тээврийн онгоц армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж, Потомак голын усанд осол бөгөөд тэрхүү ослын улмаас онгоцонд байсан бүх 67 хүн амиа алдсан билээ.