Хойморт зандрах малчин, хог шүүрдэх ажилчин


“Монголын эзэн” гэж сахал Д.Эрдэнэбилэгийг Ц.Нямдорж нэгэнтээ нэрлэсэн юм даг. Эзний маань царайг 2019 онд Эрүүгийн цагдаагийн газар ард олонд харуулсан юм. Сахал, сахал гээд байсан чинь сахалгүй хүн байв. Сахалтай хүн сэтгэлдээ төсөөлсөн иргэд түүнтэй гудамжинд таарсан ч танихгүй. Тэгж зүсээ нуудаг юм уу, эсвэл залуугийнх нь хоч юм уу, бүү мэд.  

Яг түүн шиг зүсээ хувилгасан, өөр нэгэн эзэн Монголд байгааг харин хэн ч анзаарахгүй байна. Түүнийг байхгүй болбол Монгол төдийгүй Дэлхий сүйрэх мэт, түүний нуруун дээр Монгол болоод нүүдэлчин угсаатан оршдог мэтээр ойлгуулж ирлээ. 3 яст мэлхийний нуруун дээр Дэлхий тогтдог цаг өнгөрсөн ч одоо хөгшин, дунд, залуу 3 малчны нуруун дээр Дэлхий тогтоод үлдчихлээ. Одоо бүр уяач нарын нуруун дээр Монгол тогтож байх шив.

Хойморт тухалж, хамаг өнгөтэй өөдтэй бүхийг хамдаг тэр эзэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд бүгд тал засан нахилзаж, аяыг нь алдуулахгүйг хичээн, бөндөгнөнө. УИХ танхимаараа, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ чухам түүнд л хөл алдана. Одоо ч УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улаан халзтай гэр, цалин цагаан цом, хадагтай аягаа бариад, хамаг сайхан үгээ хэлээд, эзний өмнө нахилзаж яваа. Тэднийг өмнөө бөхөлзүүлж чадаж байгаа тэр эзний сахлыг чангааж үзье. Сахалгүй л байгаа л даа.

            Улсын аварга малчны шагнал ямар үнэтэй вэ?

УИХ-ын гишүүд тэргүүлж, ХХААХҮЯ-ныхан дагалдан, аймгуудын ЗДТГ-ын ажилтнууд араас нь бараадасхийн, улсын аварга малчдад шагнал гардуулаад тун чиг завгүй явна. Өнөө жил Улсын хошой аварга малчин 14, аварга малчин 140, аварга саальчин 7 шалгарлаа. Арвин их сүргээ дагаад аварга малчин ч олон төрдөг боллоо.  

Аварга малчдын шагналд Засгийн газар цом, зэс бүслүүртэй хувин, энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халзтай 5 ханатай гэр олгодог. Үүн дээр ХХААХҮ-ийн сайд болон аймгийнх нь засаг дарга гарын бэлгээ гардуулна.

2017 оноос улсын аварга малчдад 5 ханатай, улаан халзтай гэр бэлэглэж байгаа юм. Гэрийн тоононы хүрээн дээр “Улсын хошой аварга малчин 2025”, “Улсын аварга малчин 2025” гэж сийлсэн энэ гэрийг 5 сая 720 мянган төгрөгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газар тендерээр авчээ. 2023 онд малчдыг шагнах гэрийн тендерт 980 сая төгрөг зарцуулсан бол өнөө жил төсвөөс 880 сая 880 мянган төгрөг гаргасан байна.  

Мөнгөн аяга нь 45 мм өндөр, 160 мм амсартай, 450 мл цай багтах эзэлхүүнтэй, 999 сорьцтой 135 гр-аас багагүй мөнгөний орцтой, 5 хошуу мал, бөлбөө цэцэг товойлгосон хийцтэй. Аяган дотор “Улсын аварга малчин”, “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга саальчин”, “Улсын аварга фермер 2025” гэж бичжээ. Аяганд нийт 159.6 сая төгрөг зарцуулсан бол 1 аяга 991.300 төгрөг.

Цом нь 30 см өндөр, 32 см өргөн, өлзий болон цэцгэн хээгээр чимэглэсэн ширээ хэлбэрийн суурьтай, бөлбөө цэцгэн хээ бүхий тавцантай, их биеийн дээд хэсэгт алтан соёмбо, төв хэсэгт Төрийн сүлд байрлуулсан, суурийн урд талд“Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга малчин” гэсэн бичигтэй. Ийм цомыг өнөө жил 131 сая 760 мянган төгрөгөөр хийлгэжээ. 1 цом 1 сая 220 мянга.

Гуулин бүслүүртэй модон хувин 300 мянган төгрөг. Нийт 36.9 сая төгрөгөөр хувин  авчээ. Гарын бэлэг нь 310 мянган төгрөг. Уутан дотор дээлийн торго, хадаг, чихэр, ёотон, цайны идээ, чихрийн цуглуулга, хорхой ааруул, цаглавар бий. Энэ мэтчилэн тооцвол улсын аварга малчин, тариаланчдыг шагнахад нийтийн төсвөөс өнөө жил нийт 465.7 сая төгрөг зарцуулж байгаа юм.

                          Хойморт залрах малчин

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 3 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дүгээр сарын 1-нээс 792.000 төгрөг болгоно. Үүнийг дагаад малчид сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 106.920 төгрөг төлөх ёстой ч 61.380-ыг нь төлөх юм. Тэтгэврийн даатгал 11.5% байдаг. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 91.080 төгрөг. Үүний 50% буюу 45.540 төгрөгийг малчин, туслах хоёр өөрөө хариуцах бол үлдсэн 50% буюу 45.540 төгрөгийг нийтийн төсвөөс төлнө. Малчныг яагаад нийтийн төсвөөс ингэж онцгойлон халамжилж байгааг ажилчин бид үнэхээр ойлгохгүй байна. Нийтийн төсөв гэдэг бол нийтийн сайн сайхны төлөө зориулах ёстой мөнгө болохоос малчин гэж ирээд нэгэнд нь онцгойлон өгөх мөнгө биш.  

2000 хонь, 300 үхэр, 300 адуутай улсын аваргууд НДШ-ээ өөрөө төлж чадахгүй байна гэж үгүй. Туслах малчныхаа шимтгэлийг ч улсын аварга малчид хариуцан төлөх боломжтой. Гэвч төр тэдний НДШ-ийн талыг нь нийтийн төсвөөс гаргаж байна. Төр гэдэг нь хэдэн улстөрч, нийтийн төсөв гэдэг нь татвар төлөгчдийн мөнгө болохоор л тэр л дээ. Тэр хэдэн улстөрч 5 жилийн турш малчдыг татвар төлөгчдийн мөнгөөр угжиж эхэллээ.  

Гэтэл малчид өөрөө ямар татвар төлдөг юм бэ. Нийтийн төсөвт тэд ямар орлого оруулдаг вэ? Малын хөлийн татварыг манай улс их олон жил аваагүй. Малын тоо толгойн албан татварын хуулийг УИХ баталснаар, энэ татварыг 2021 оноос эхлэн буцааж сэргээсэн. Гэхдээ бас заавал авдаггүй. Авч ч болно. Авахгүй ч байж болно. Түүнийг сумынх нь ИТХ мэднэ.

Авбал ямаанд 1000, хонинд 900, адуунд 800, тэмээнд 150, үхэрт 500 төгрөгийн татвар авахаар дунджаар тооцсон юм. 1 малаас авах татварын хэмжээ хамгийн ихдээ 2000. Гэхдээ 2000 төгрөгийн татвар ногдуулсан сум, аймаг байхгүй. Гэвч энэ татварыг сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, эргүүлээд малчдад зарцуулдаг. Малаас авдаг татвар сумын төвийн багшаас эхлээд, Улаанбаатарын зам цэвэрлэгчид наалддаггүй. Харин багшийн цалингаас, ТҮК-ийн ажилчны цалингаас суутгасан татвараар малчны хүүхдийг их, дээд сургуульд сургаж, малчны хурдан морийг наадмаар шагнаж, НДШ-ийг нь төлж, улаан халзтай гэр барьж өгч, хамгийн бага хүүтэй зээл олгож…. байна. Одоо байтлаа амиа алдвал 48 сарын хөдөлмөрийн хөлстэй нь дүйх мөнгөн тусламж ар гэрт нь олгоно гэнэ дээ.

Малчид ийм эрхтэй гэж үү? Нийтийн төсөвт хувь нэмрээ оруулж байж л нийтийн төсвөөс хүртэх эрх үүсдэг. Өвөрхангай аймгаар жишээ татъя. Тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалтаар 2021-2023 онд малчид нийт 8 тэрбум 124 сая төгрөгийн татвар төлөх ёстой ч 4 тэрбум 682 сая төгрөг төлсөн байжээ. Талыг нь л өгсөн байна.

Малын хөлийн татварыг сум, аймаг бүр авдаггүй. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ИТХ 2022-2024 онд малчдаас авах малын хөлийн татварыг зудтай холбоотойгоор тэглэжээ. Гэтэл 100 жилийн ойгоороо малчдыг татвараас чөлөөлсөн сум зөндөө. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Төгрөг, Богд сум өнгөрсөн жил 100 жилийн ойгоороо малчдаас татвар аваагүй. Дорнод аймаг тэмээнд албан татвар ногдуулдаггүй. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу 200 хүртэлх малтай өрхийг уг татвараас чөлөөлжээ. Аймаг, сум бүрт л ийм хөнгөлөлт, чөлөөлт бий.

                            Хог шүүрдэх ажилчин

Тэгвэл манай нийслэл хэзээ ч иргэдээ ингэж харж үзэж байсангүй. Энэ онд гэхэд нийслэлийн ИТХ иргэдээсээ 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр 30-хан минутад баталчихсан. Үүнийхээ 3.3 их наядыг татвараар олно. ХХОАТ-аар 251.9, хөрөнгийн албан татвараар 107.7 тэрбум төгрөг нэмж олохоор төсөвлөсөн.

Нийслэлийн иргэдээс авч болох бүхнийг нэмж байна. Хогны хураамжийг 37.2%-иар нэмлээ. Машины татварыг 3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмлээ. Машинтай хүмүүс машины албан татвараар 120.2 тэрбум, зам ашигласны төлбөрөөр 100.5 тэрбум төгрөгийн орлого нийслэлд оруулах үүрэгтэй. Нийслэл хотын татвар гэж нэмэгдэл бас бий. Арай л амьсгалсны татвар гэж авах нь халаг. Агаар нь цэвэр байсан бол авах л байсан биз. Аймшгийн бохир агаартай болохоор арай ч тэгж чадахгүй юм даа.

Ажил хийн, татвар төлж, нийтийн санд нэмэр болж байгаа ажиллагсдад өнөөдөр ямар ч урам алга. Нэр ч алга. Хойморт малчин заларч, УИХ, Засгийн газар тэдэнд үйлчлэн, цай, хоолыг нь хийж байхад, ажилчид гадаа хотны баас барилгаж, хашааны хог шүүрдэн тонголзоно. Хатавчинд ч хаяанд ч ажилчинд зай алга.

Удахгүй ажилчин нэмнээ оёно. Эзэн малчинд гурил, будаа, гар чийдэн, эм тариа, малд нь өвс, тэжээл авч өгнө. Намаржин найрлаад өвсөө хадаагүй малчид, хаваржин морио уралдуулаад, төлөө хүлээж авахгүй биз. Тэд ажилчин бидний хоолыг өсгөж байгаа хойно ингэж ялархах нь аргагүй ээ.

Хот, суурингийн ажилчид хандив цуглуулж малчдад илгээх цаг ирлээ. Ноднин УОК-оор дамжуулан ажилчид 3.1 тэрбум төгрөг, 805.1 сая төгрөгийн бараа малчдад хандивлажээ. 14 мянган тонн тэжээл, 850 тн өвсийг нийтийн төсвийн 14 тэрбум төгрөгөөр малчны хотонд хүргэж өгсөн байна.

Архангай, Баянхонгор, Ховд, Увс аймаг аюулгүйн нөөцөөсөө малчдад өвс, тэжээл хүргэж эхэллээ Өнөө жил ч ажилчин ангийнхны татвараар сум, аймаг, улсын нөөцөд худалдаж авсан өвс, тэжээлийг хэдийнэ малчдад үнэгүй бэлэглэхийг нь бэлэглээд, хямд өгөхийг нь өгөөд эхэлчхэж. “Манай суманд зуд боллоо. Өнгөрсөн зун бороо ороогүй, өвс ургаагүй” гээд одоо малчид дуу дуугаа авалцан, өвс, тэжээл гуйна. “Хар хүний өмнөөс шар хүн” гэгчээр өмнөөс нь сумынх нь удирдлагууд, Тамгын газрыхан гуйлга гуйж, малчдадаа саймширна. Ах дүүс, хамаатан садан, саналаа өгдөг сонгогчид нь тэнд байгаа болохоор тэр. Хамгийн увайгүй нь малчдад тал засах мөнгөө тэд халааснаасаа биш, нийтийн сангаас гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг.

Сум, аймгийнхан намар болохоор аюулгүйн нөөцдөө хангалттай өвс, тэжээл бэлтгэсэн тухай мэдээ ОБЕГ-т өгдөг ч газар дээр нь очоод шалгахаар, зуд болохоор ямар ч өвс байдаггүй тухай онцгой байдлынхан ярьдаг. Ган болсонд хотынхон буруутай. Өвс ургаагүй нь ажилчдын буруу. Бороо ороогүй нь малчдаас бусдынх нь алдаа мэт.

Одоо улсын хэмжээнд 192.4 мянган малчин айл 57.6 сая мал маллаж байна. Тэд малаа маллаж, амаа тосдох ёстой байтал ачир дээрээ ажил хийдэг 27.4 мянган хүнийг зулгаан, амь зууж байна. Ажил хийдэг хүмүүс 7 дахин олон малчныг, 80 дахин олон хүүхэд, хөгшид, цэрэг, ялтныг тэжээж байна. Шударга бус байгаа биз дээ. Хүүхэд, хөгшид, цэрэг яах вэ гэж бодоход, малчдын эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэх төлбөрийг ажилчид төлөх албагүй. Нэмээд малыг нь амьд байлгах үүрэггүй. Малчин бол, мал малла гэж бид албадаагүй. Яршиг л байна.


One response to “Хойморт зандрах малчин, хог шүүрдэх ажилчин”

  1. тэгвэл малчин бололдоо хэн ч хорихгүй яг 3 жил мал дээр цэвэр байгаад үз тэгээд ингэж бичихнүү харий угаасаа залуу малчид ховордоод байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *