Бразилын экс-ерөнхийлөгч Жаир Болсонарог төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр буруутгажээ


Бразилын экс-ерөнхийлөгч Жаир Болсонарог 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Лула да Сильвад ялагдал хүлээснийхээ дараа төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгажээ.

Бразилын ахлах прокурорын зүгээс өдгөө 69 настай экс-ерөнхийлөгчийг таван өөр зүйл ангиар буруутгасан байна.

Тодруулбал, түүнийг өрсөлдөгч Лула да Сильваг хордуулахаар төлөвлөсөн, улсын дээд шүүхийн шүүгч Александре де Мораи-г буудан хороохоор төлөвлөсөн, зэвсэгт бүлэглэлийг удирдсан гэх  зэрэг таван хэрэгт буруутгасан бол Ж.Болсонаро түүнийг буруутгаж буй дээрх хэргүүдийг няцааж, өөрийгөө улс төрийн хавчлагын золиос болж байна хэмээн мэдэгдээд байна. 

Бразилын прокуророос гаргасан Ж.Болсонаротой холбогдох дээрх хэргүүдийг одоо Бразилын дээд шүүх авч үзэх бөгөөд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Ж.Болсонаро болон түүнтэй холбоотой өөр бусад 33 хүнд албан ёсоор хэрэгт холбогдогчоор татаж, шүүх хурлын үйл ажиллагаа эхлэх юм.

Түүнийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, санал тооллогын машинуудыг хакердуулсан хэмээн гүтгэж, дээрх үйлдлүүдээрээ Бразилын ардчиллыг доромжилж, дордуулсан хэрэгт буруутган, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь 8 жилийн хугацаанд хориглосон билээ.

Одоогоос 3 сарын өмнө Бразил улсын холбооны цагдаагийн газраас түүнийг төрийн эргэлт хийхээр төлөвлөж, зохион байгуулсан гол хүн байсан хэмээн буруутгасан тайланг нийтлэн гаргасан юм. Бразилын дээд шүүх Ж.Болсонарог буруутгаж буй дээрх хэргүүдийн шүүх хурлыг оны сүүлээр явуулах болно гэж Бразилын хэвлэлүүд бичиж байна. Одоогийн төрийн тэргүүн Лула да Сильваг дэмжигчид прокурорын шийдвэрийг баяртайгаар хүлээн авч, хуучин ерөнхийлөгчийг шоронд суух ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол сөрөг хүчнийхэн Ж.Болсонарог ямар ч гэм буруугүй хэмээн эсэргүүцэж байгаа ажээ. Хэдийгээр сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан Ж. Болсонарогийн нэр хүнд Бразилын улс төрд хүчтэй хэвээрээ оршсоор байгаа ба өөрийг нь буруутгасан энэхүү шүүх хурлыг хувийн улс төрийн карьерын зэвсэг болгон ашиглаж ч болзошгүй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *