БЭТ Ж.Батзандан том ордод лицензтэй компаниудыг хэлцэлд дуудна


Засгийн газраас хувьд очсон Стратегийн ач холбогдол бүхий ордуудын тодорхой хувийг төрд буцаан авч баялгийн санд төвлөрүүлэх ажлаа гардан гүйцэтгэх бүрэн эрхт төлөөлөгчөөр их хурлын гишүүн асан Ж.Батзанданг томилсон. Тэрээр судлаачдаас бүрдсэн том баг бүрдүүлж стратегийн ордуудад лиценз эзэмшигч хувийн компаниудтай зөвшилцөл хийж ажиллана гэдгээ мэдэгдээд байна. Томилогдоод 7 хонож байгаа Ж.Батзанданд стратегийн орд газруудад лиценз эзэмшдэг 6 компани хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Ихээхэн өртэй компаниуд бий гэнэ. Хэрэв өртэй компаниудын хувийг төр авчихвал өрийг нь төлөлцөх үүрэг хүлээх эрсдэлтэй. Тэр утгаараа мэргэжлийн судлаачдаар нөхцөл байдлыг нарийн судлуулж гэрээ хэлцлээ эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Компаниудтай хийх гэрээ хэлцэлд зориулж журам батлахаар ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногтоо багтааж журмаа бэлэн болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Талууд харилцан ашигтай байх ёстой гэдэг чиглэлийг засгийн газраас өгчээ. Стратегийн ач холбогдолтой ордуудад лиценз эзэмшдэг олон компани бий. Нарийн сухайтын бүлэг ордод 7 компани лиценз эзэмшдэг. Таван толгойн бүлэг ордод 4 компани лиценз эзэмшиж байгаа. Эдгээр компаниудтай БЭТ Ж.Батзандан тэргүүтэй баг хэлцэлд орно. Стратегийн ордуудад багтаагүй ордуудын тухай асуудлыг ч БЭТ орхихгүй гэдгээ дурджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *