Иргэн С.Чулуунпүрэв нийтийн өргөдөл гомдлын системд цагаан сарын баярын амралтын өдрүүдийг нэмэх, зарим баярын амралтын өдрүүдийг хасах өргөдлийг оруулж гарын үсэг зуруулж эхлээд байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд 3 удаа олон хоногийн амралттай болох тухай уг өргөдөлд дурджээ. Одоогийн байдлаар уг өргөдлийг дэмжин 1218 иргэн гарын үсэг зураад байна.