Төрийн байгууллагуудын ажил 3-р сарын 3-ны даваа гарагт эхэлнэ


Хөдөлмөрийн хуульд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахаар тусгасан байдаг. Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гарагт тохиож байна. Тиймээс Сар шинийн баярын амралт удаан сунахгүй нь.

Шинийн 4 буюу 3 дугаар сарын 3-ны Даваа гаргаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдаж эхлэх хуваарь гарчээ. Харин хувийн хэвшлийн байгууллагууд ажил, амралтын өдрөө дотоод журмаараа зохицуулах боломж нээлттэй.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд оруулан, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *