FIBA: Талын хөх чононууд Гуамын багийг хожиж чадах уу?


Монголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эсэхээ шийдэх тун хариуцлагатай тоглолтоо хийхээр Гуам улсыг зорилоо.

Манай шигшээ баг Япон, Хятад, Гуамын багуудтай нэг хэсэгт орсон. Ингээд хэсгийн шатны чухал тоглолтууд болоход хэдхэн өдөр үлдээд байна.

   Шигшээ багийн бүрэлдэхүүн -30 градусаас +30 градус газарт очиж, эхний бэлтгэлээ хангажээ. Тэд хоёрдугаар сарын 20-нд буюу Пүрэв гарагт орон нутгийн цагаар 19.30 минут харин Улаанбаатарын цагаар 17.30 минутаас Гуамын эсрэг тоглох юм.

   Үндэсний шигшээ баг өнгөрсөн арваннэгдүгээр сард Япон, Хятадын багуудтай тоглосон. Тодруулбал арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Үцүномиягийн “Nikkan Arena Tochigi” цэнгэлдэхэд зочлон тоглосон. Энэ тоглолтын үр дүн 75:93 харьцаагаар өндөрлөж, Японы шигшээ баг хожсон билээ.

   Харин тус тоглолтоос гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр өөрсдийн талбай дээр Хятадын багийг хүлээн авч тоглосон. Энэ тоглолтод Хятадын шигшээ баг 90:52 харьцаагаар манай шигшээ багийг хожсон.

Энэ хэсэгт Японы баг дөрвөн хожилтой болж дараагийн шатанд шалгарах эрхээ авсан. Харин Хятадын шигшээ 3 хожил, нэг хожигдол, Гуамын баг нэг хожил, 3 хожигдолтой явж байгаа бол манай баг хараахан хожил авч чадаагүй байна.

Хэрвээ манай шигшээ баг Гуамын багийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжоо хадгалж үлдэж чадна. Тиймээс Гуамтай хийх тоглолт тун чухал хариуцлагатай тоглолт байх болно. Энэ тоглолтын дараа Монголын шигшээ баг хоёрдугаар сарын 23-ны өдөр Японы шигшээ багийг эх орондоо хүлээн авч тоглох билээ.

Монгол улсын шигшээ багийн тоглогчдын нас, өндөр

О.Эрдэнэцогт-нас 30, өндөр-188см

Г.Дөлгөөн-нас 21 , өндөр 202см

Б.Барсболд-нас 20, өндөр 181см

Г.Болор-Эрдэнэ-нас 21, өндөр 184см

Ч.Тэмүүлэн-нас 21, өндөр 195см

Э.Саруул-Эрдэнэ-нас 26, өндөр 187см

Т.Ууганбаяр-нас 27, өндөр 183см

А.Азбаяр-нас 19, өндөр 204см

А.Энхбаясгалан-нас 27, өндөр 195см

О.Энхбаатар-нас 29, өндөр 199см

Б.Билгүүн-нас 35, өндөр 198см

Ч.Маргад-нас 20, өндөр 195см

Дундаж өндөр: 192.5см

Дундаж нас 24.6


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *