ЦАГТАА ЦАЛГИЖ ЯВСАН ДЕМАРКУС КАЗИНС “СЭЛЭНГЭ БОДОНС”-ЫН ХАМТААР ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН АВАРГА БОЛЖ ЧАДАХ УУ?
Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудаа хийх болсонтой холбоотойгоор Үндэсний дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад байгаа билээ. Гуравдугаар сарын 7-ны өдрөөс Плэй-Оффын тоглолтууд эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл буй.
Энэ улиралд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж буй “Сэлэнгэ Бодонс” баг NBA-ийн 4 удаагийн SUPER STAR, бүх оддын тоглогч, олимпын аварга Демаркус Казинсыг бүрэлдэхүүндээ нэгтгэж, сагсан бөмбөгийн ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл тэрхүү шуугианы гол баатар, эзэн ирэхэд 14 хоног үлдээд байна. Казинс гуравдугаар сарын 07-ны өдөр Монголд бууна.
Тэрээр өнөөдөр өөрийн хувийн цахим хуудаснаа “See you soon Mongolia. Let’s get it and seize the opportunity” хэмээн бичлээ. Ийн Дэлхийн од, NBA-ийн тамирчныг эх орондоо харах мөч тун ойртов. Тэрээр Плей Офф-ын үеэр бүтэн тоглох юм.

Демаркус Казинс Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багтай гэрээ байгуулснаар Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах онцгой бөгөөд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шинэ хуудсын эзэн болох юм.
“Бүүги” (Boogie) хочит түүний хувьд 40 оноог төвөггүйхэн авдаг, цагтаа NBA-д цалгиж явсан тамирчин. Гэвч 2018 онд ахиллын шөрмөсөө тасалж бэртсэнээр тамирчны форум нь алдагдсан билээ. Ингээд 2023 онд Азийг зорьж, Тайваний “Taiwan Beer Leopards” багтай гэрээ байгуулж, T1 лигт шинэ багийнхаа хамт цом өргөн түрүүлснээс гадна 2023-2024 оны улирлын шилдэг тоглогч, 2024 оны MVP-ээр шалгарсан.
Ийн Голден Стэйт Уорриорс, Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Денвер Наггетс, Хьюстон Рокетс багуудад нэгдэж нэгэн үе шуугиулж явсан Демаркус Казинс “Сэлэнгэ Бодонс”-ын хамтаар Үндэсний дээд лигт түрүүлж чадах уу?
“Сэлэнгэ Бодонс” энэ улирал тун сайн тоглолтыг үзүүлж буй. Тэд 13 хожил, 11 хожигдолтойгоор улирлыг үргэлжлүүлж байна. Ахмад, Силла нарын легионер тамирчид үүргээ сайн гүйцэтгэж буй. Үүн дээр Казинс ирснээр тус багийн бүрэлдэхүүн зузаарч, бусад багуудад толгойны өвчин болох нь гарцаагүй.
Дэлхийн од, NBA-д данстай Демаркус Казинс Монголд ирж, UG Аренаг донсолгоход ердөө 14 хоног үлдлээ.