Цалинг гэр бүлийн гишүүний тоонд хуваах ёстой
Цалин гэж юу вэ? Энэ бол ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан, түүнд хөдөлмөрөө зараад, авч буй төлбөр. Үүгээр хүн өөрийн болоод гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг. Монголд ийм 1.2 сая хүн бий. Бид энэ мөнгийг ганцаараа хэрэглэдэггүй. Гэр бүлээрээ хувааж зарцуулдаг. Цалин авдаг, түүнтэй адилтгах ямар нэг орлого олдог хүн бүр цаанаа хүүхэд, эцэг, эх гээд гэр бүлийн гишүүдээ давхар тэжээдэг. Тиймээс хувь хүний орлогыг, цалинг гэр бүлийн гишүүнийх нь тоонд хуваах ёстой.
5 хүүхэдтэй айлын 2 хүн цалингаараа 7 хүн тэжээнэ. 1 хүүхэдтэй айлын 2 хүн цалингаараа 3 хүн тэжээнэ. Ялгаа байгаа биз дээ. Маш их ялгаатай. Үндэсний статистикийн хорооны дарга 2025.01.15-ны А/09 дүгээр тушаалаараа Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих доод түвшинг 495.400 төгрөгөөр тогтоожээ. Тэгэхээр 3 хүүхэдтэй айлын эхнэр, нөхөр хоёул нийт 5 сая төгрөгийн цалинтай ажил хийдэг гэж тооцъё. Тэдний цалингаас НДШ, ХХОАТ, НӨАТ-т нийт 1.4 сая төгрөг суутгана. Үлдсэн 3.6 сая төгрөгөөс нь 1 хүнд 720 мянган төгрөг ноогдож байна. Амьжиргааны доод түвшнээс 45%-ийн л илүү орлоготой гэсэн үг. Цахилгаан, дулаан, ус, утас, хог, СӨХ, сургууль, цэцэрлэгийн элдэв хураамж гээд хамаг зардлаа төлөөд, энэ айл амьжиргааны доод түвшинд л амьдрах мөнгөтэй үлдэх үү, үгүй юү гэдэгтээ тулна. Ганц хүн ажил хийдэг бол тэгээд дууслаа. Ядуугийн ядуу хүн болно.
Гадаадын ихэнх улс хувь хүний орлогыг ингэж гэр бүлийн гишүүний тоонд нь хуваадаг. 1 хүнд ноогдох мөнгө нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байвал бүх татварыг нь буцааж өгдөг. Шударга ёс гэдэг чинь энэ. Харин манайд бол үүнийг мэдэхгүй царайлаад, чимээгүй л авчихдаг.
Ажилчин хүн 31.5%-ийн татвар, шимтгэл төлдөг
Цалингаас маань НДШ, ХХОАТ суутгаад, үлдсэн мөнгийг нь бидэнд өгдөг. Цалин буусныг ч мэдээгүй байхад төр аль хэдийнэ татвар, шимтгэлээ авчихсан байдаг. Яг л хулгайч шиг. Өөрөө ч мэдээгүй байхад цалингийн маань 21.5% байхгүй болно. Ингээд зогсохгүй дараа нь үлдсэн мөнгөнөөс маань НӨАТ гэдэг дээрэм хийнэ. Ажилчдын цалин дансанд оронгуут банк зээлээ татчихна. Үлдсэн мөнгөөрөө хоол хүнсээ цуглуулах тоолонд НӨАТ-ын 10% нэмж авна. Ажилчин хүн цалингийнхаа 31.5%-ийг татвар, шимтгэлд суутгуулж, 68.5%-иар нь л амьжиргаагаа залгуулдаг. Үүнийг мэддэг хүн даанч цөөн.
Цалин, түүнтэй адилтгах орлогоос авдаг татвар, шимтгэл
- Тэтгэврийн даатгал 8.5%
- Тэтгэмжийн даатгал 0.8%
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 0%
- Ажилгүйдлийн даатгал 0.2%
- Эрүүл мэндийн даатгал 2%
- Хувь хүний орлогын албан татвар 10%
10-15 сая төгрөгийн цалинтай бол 10 сая 1 дэх төгрөгөөс эхлэн, дахиад 15%-ийн татвар нэмж төлнө. 15-20 сая төгрөг авдаг хүн 20%-ийн татвар суутгуулдаг. Одоогоор ийм тэнгэрийн цалинтай хүн Монголд цөөн. Аливаа улсын хувийн хэвшлийн ажиллагсдын 1-7% нь дунджаас 4 дахин өндөр цалинтай байдаг аж. Өндөр хөгжилтэй орны ажиллагсдын 5-7% нь, хөгжиж буй улсын ажиллагсдын 1-3% нь ийм цалинтай байх боломжтой. Үүний дунджаар 2% гэж үзвэл Монголд 10 сая төгрөгийн цалинтай 15 мянган хүн байж магадгүй.
Ийм их татвар, шимтгэл төлдгөө мэддэг хүн дэндүү цөөн. “Баахан суутгал” гэж бухимддаг ч яг ямар татвар, шимтгэлд хэдэн хувийг нь суутгаад байгааг мэддэггүй. Өөрөөс нь авсан мөнгөөр хэн, юу хийдгийг бүүр ч мэдэхгүй. Мэдэхгүйгээр нь далимдуулаад, улстөрчид ажилчдын халаасыг хоослох замаар улсын төсвийг бүрдүүлдэг. Одоо ч энэ аргаа өөрчлөхгүй яг хэвээр нь үлдээж гэж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Уул уурхайн салбарт ажиллагсад хамгийн өндөр буюу дунджаар 5.1 сая төгрөгийн цалинтай бол зочид буудал, орон сууц, нийтийн хоолны салбарынхны цалинг дунджилбал 1.5 сая төгрөг. Тэгвэл төрийн албан хаагчдын дундаж цалин 2.5 сая төгрөг байна.
Үүнийг дагаад хувийн хэвшлээс гарч, нийтийн албанд орох сонирхолтой хүн олширлоо. Хэн ч ахиу цалин авах, амьдралаа өөд татахыг хүснэ. Гэвч цалин өсөх тусам суутгуулах татвар ихэсдэг. Тэгэхээр өндөр цалин авахыг хүсвэл эхлээд татвар, шимтгэлээ багасгуулах ёстой болж байна.
Компаниуд эрх ашгаа хамгаалж чаддаг
Бизнес хийдэг аж ахуйн нэгж ААНОАТ-т 10% төлдөг. 6 тэрбум 1 төгрөгөөс дээших орлогод 25% татвар ногдуулах хуультай. Хэн ч 25%-ийн татвар төлөхийг хүсэхгүй. Төлдөг тэнэг ч бараг байхгүй. Эхнэр, нөхөр, хүүхдүүд, эцэг, эхийнхээ нэр дээр компани байгуулаад, орлогоо тараан байршуулчихна. Охин, хараат компани үүсгээд, жижиглэчихнэ. Монголын компаниуд томордоггүй, нэг баян маш олон компанитай байдгийн учир ердөө энэ. Татварт төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг буцааж авах олон боломж аж ахуйн нэгжүүдэд бий. Хуулиар тийм боломж олгочихсон. Хуулийн төсөл боловсруулсан хүмүүс, тэр хуулийг батлах гишүүд компанидаа, өөртөө, ах дүүстээ тийм боломж бий болгохоо мэдэлгүй дээ.
Компанийн эзэд санхүүгийн боловсрол сайтай. Яаж ч бодсон ажилчин хүнээс хавьгүй илүү мэдлэгтэй, илүү сайн мэдээлэлтэй байдаг болохоор татвар яаж бага төлөхөө, яавал бүр төлөхгүй байж болохыг мэднэ. Нягтлангууд нь бас тусална. Тиймээс ч Татварын ерөнхий хууль, дагалдах хуулиудыг шинэчлэх бүрт эзэд, захирлууд эрх ашгаа тусгуулж, өөрт ашигтай заалт тусгуулж чаддаг. Одоо ч тэгж байна.
Аж ахуйн нэгж 6 тэрбум төгрөг хүртэлх ашгаасаа төлдөг татварыг 4%-иар багасгаж, 6%-ийн татвар төлдөг болох нь. Аж ахуйн нэгжийн татварыг ийн багасгах гэж байгаа атлаа ажилчин хүний татварыг багасахгүй үлдээх янзтай. Ажилчин хүний төлдөг ХХОАТ-ыг бууруулахгүй үлдээх нь Монголын төр иргэдээ мөлжсөөр байхыг хүсэж байгааг харуулна. Ашиг олдог компани 6%-ийн татвар төлж байхад амьжиргаагаа залгуулдаг ажилчин 10% татвар төлөх нь яаж ч бодсон шударга биш. Одоо ноогдол ашгаас 5% татвар авдаг. Тэгсэн мөртлөө цалингаас 2 дахин ихийг суутгадаг. Харьцуулах тусам шударга бус байна. Ажилчин хүнийг Монголын улстөрчид мөлжиж байна.