Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 буюу 53,4% иргэний санамсаргүй байдлаас, 5538 буюу 36,2% цахилгаанаас, 1591 удаа буюу 10,4% бусад шалтгаанаас үүдэлтэй байгааг ОБЕГ тогтоожээ. Иргэдийн санамсаргүй байдлаас гарсан гал түймрийг дотор нь ангилбал лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 32,5%, ил задгай гал, үнс нурмаас 37,2%, пийшин, зуух, яндангийн цонолтоос 24,6% нь үүссэн байна.
Өвлийн улиралд гарч байгаа гал түймрийн ихэнх хувь нь байшин, гэрт тохиолдож байгаа бөгөөд эдгээр объектод гарсан гал түймрийн дийлэнх шалтгаан нь пийшин зуухны яндангийн цонолтоос шалтгаалж байна. Мөн цогтой үнс нурам ил задгай асгах, хөлдсөн автомашин болон бусад эд зүйлсийг халаах, гэсгээх зорилгоор ил гал, газ, бамбар зэргийг ашигласнаас үүдэн гал түймэр гарах тохиолдол өндөр байна.
Цахилгаанаас үүдэн гарсан гал түймрийн 2559 удаа буюу 46,2% -ийг ашиглалтын буруугаас, 2021 удаа буюу 36,5%-ийг угсралтын буруугаас, 958 удаа буюу 17,3%-ийг техникийн гэмтлээс шалтгаалсан байна.

Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй муу уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслүүдийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийж богино холбоос, шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг шалтгаанууд нь цахилгаан ашиглалтын нийтлэг шалтгаанууд болж байна.
Мөн цахилгаан угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж, гүйцэтгэж байгаа нь угсралтын буруугаас үүдэн гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байна.