АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Төрийн тэргүүнийг “дарангуйлагч” хэмээн нэрлэж, хоёр улсын удирдагчид нийгмийн сүлжээнд маргалдсанаар тэдний харилцаанд улам сэв сууж, холдсоор байна.
Д.Трамп мягмар гарагт “Украин улс энэ дайныг эхлүүлсэн” хэмээн хэлж, мөн Зеленскийг өнөөдрийг хүртэл Украин улсыг удирдаж байгаа явдал хууль ёсонд нийцэх эсэхийг асууж, дайн эхэлснээс хойш Украинд сонгууль явагдаагүйг онцолж, Зеленскийн рейтинг дөнгөж 4 хувьтай байгаа хэмээн хэлсэн юм. Харин Киевийн Олон улсын социологийн институтээс хамгийн сүүлд явуулсан судалгаагаар украинчуудын 57 хувь нь “Зеленскийд итгэж байгаа” хэмээн дэмжсэн хариулт өгсөн байна.
Үүнийх нь хариуд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Саудын Араб улсад явагдсан Орос-Америкийн яриа хэлэлцээнд Украин уригдаагүй явдалд дургүйцэж, “Д.Трампыг украинчуудын хүндэлдэг агуу ард түмэн, үндэстний удирдагчийн хувиар хүндэлдэг ч харамсалтай нь тэрээр Москвагийн худал хуурмаг мэдээллийн ертөнцөд амьдарч байна. Путинг олон жилийн тусгаарлагдмал байдлаас гарч ирэхэд нь АНУ тусаллаа” хэмээн лхагва гарагт хэлсэн байна.
Зеленский мөн “Дэлхий ертөнц “Путин эсвэл энх тайван” гэсэн хоёр хувилбараас сонголт хийхээр болоод байна” гээд пүрэв гарагт АНУ-ын Украины асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Кейт Келлоггтой уулзана гэдгээ зарласан байна.
Хариуд нь Д.Трамп “Зеленский хурдтай ажиллахгүй бол тэр ямар ч улс оронгүй үлдэж мэднэ” хэмээн өөрийн “Truth Social” нийгмийн сүлжээндээ лхагва гарагт бичсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн В.Зеленскийг “Сонгуульгүй дарангуйлагч” хэмээн нэрлэжээ.
Зеленскийг “дарангуйлагч” хэмээн нэрлэсэн явдлыг Европын удирдагчид шүүмжилсэн юм. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “Ерөнхийлөгч Зеленскийн хууль ёсны дагуу, ардчилсан зарчмаар сонгогдсон явдлыг үгүйсгэх нь буруу хийгээд аюултай юм” гэсэн бол Их Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярилцахдаа түүнийг ардчилсан сонгуулиар сонгогдсон Украины Төрийн тэргүүний хувьд дэмжиж байгаа гэдгээ илэрхийсэн байна.
Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон мөн Трампын “дарангуйлагч” гэж нэрлэсэн явдлыг буруушаасан бол ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок Трампын бичсэн үгийг “утгагүй” хэмээн шүүмжилжээ.
Эргэн сануулахад, В.Зеленскийн Ерөнхийлөгчийн алба хаших 5 жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны 5-р сард дууссан ч 2022 оны 2-р сард Оросын түрэмгийлэн довтолсон явдлаас хойш Украин улсад дайны онц байдлын хууль үйлчилж байгаа учраас хуваарьт сонгуулиуд цуцлагдсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн “Truth Social” платформд бичсэн нийтлэлдээ мөн Европыг дурьдаж, “Украины дайн нь манай улсаас илүү Европт л илүү чухал боловч Европ бүс нутагтаа энх тайвныг авчрах тал дээр бүтэлгүйтсэн” хэмээн бичжээ. ЕХ харин Оросын эсрэг үргэлжлүүлэн, хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Оросын эсрэг шинэ хоригт хөнгөнцагаан, хууль бусаар газрын тос тээвэрлэгч олон тооны ачааны усан онгоц багтаж байгаагаас гадна Оросын өшөө олон банкийг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс салгаж, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Европт нэвтрүүлгээ цацах эрхийг нь хориглох зэрэг арга хэмжээнүүд багтжээ.
Энэ үеэр мөн АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүд хоёр талын Саудын Арабын уулзалтын үр дүнг сайшаасан мэдэгдлүүдийг ар араасаа хийгээд байна.