Улаанбаатар хотод өдөр тутам машин мөргөлдөж, зам тээврийн осол гардаг гэхэд буруудахгүй. Энэ тохиолдолд жолооч нар хоорондоо зохицдог, аль эсвэл замын цагдаа ирж асуудлыг шийдвэрлэдэг. Тэгвэл цаашид зам дээр машин мөргөлдөхөд, замын цагдаагийн оронд “дрон” нисгэж очуулдаг болгохоор нийслэлийн ИТХ-ын зарим гишүүн ярьж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Замын түгжрэлд нөлөөлж буй нэг том хүчин зүйл нь осол. Уулзвар дээр машин мөргөлдөхөд, замын цагдаа ирэхийг 30-40 минут хүлээдэг. Үүнээс болоод зам дээр түгжрэх машины цуваа урт болдог. Тиймээс “цагдаагийн дрон” нисгэж, цагдаа заавал түгжрэлтэй газар луу хугацаа алдалгүйгээр очдог байх зохицуулалт хийх гэж байна. Дрон нислээ, бичлэг хийлээ. Буцаж байх явцдаа замын цагдаа руу мэдээллээ хүргэнэ” гэж ярьжээ.
Өдөрт зам тээврийн 100-200 осол бүртгэгддэг. Цас, бороо орсон халтиргаа гулгаатай үед энэ тоо 30-40 хувиар өсдөг. Энэ нөхцөлд осол гарсан газар болгон руу дрон нисгэх үү. Тэр олон дроныг хэн, хаанаас оруулж ирэх вэ. Мөнгийг нь хэн, хаанаас гаргах вэ. Дрон нисгэх мэргэжлийн цагдаа хангалттай бий юү. Үр дүнтэй юу гэх зэрэг асуулт гарч ирнэ.
Дрон нисгэх тийм ч амар биш. Энэ бол мэргэжлийн, ур чадвар сайтай, нарийн мэдрэмжтэй хүн нисгэдэг агаарын төхөөрөмж. Түүнийг дуртай хүн бүр нисгээд байдаггүй. Хэрэв буруу нисгэвэл хүн гэмтээх, эд хөрөнгө сүйтгэх, дроноо унагах, алдах эрсдэлтэй. Дээрээс нь дрон багтаамж, хэмжээнээсээ хамаараад, нисэх зай, хөөрөх өндөр нь хязгаартай байдаг. Ингээд бодохоор түгжрэлийг бууруулах гэхээс илүү замын цагдаагийн ажилд илүү ачаа, ажлын садаа болох вий. Нөгөө талаар энэ нь хэн нэг эрх мэдэлтэй хүний шахааны бизнес байх вий гэдэг хардалт ч олон нийтэд байна.
Хотын дарга нар арай л агаараар сэтгээд байгаа юм биш биз. Жаахан хөрсөн дээрээ буумаар юм. Хүүхдүүд ч ингэж ярихгүй шүү дээ, эрхэм дарга нар аа!